8.1 дугаар зүйл. Газрын тухай хууль зөрчих
1.Бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газарт нэвтрэх, дайран өнгөрөхийг хориглосон дохио тэмдэг тавих, хашаа барих зэргээр тусгайлан хамгаалсан газарт зөвшөөрөлгүйгээр нэвтэрсэн бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч нь эд хөрөнгөө ашиглах, хамгаалах зорилгоор бусдын газраар дайран өнгөрөх зам, цахилгаан, холбооны, инженерийн шугам татах, гарц гаргах, бусад зориулалтаар бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглах журам зөрчсөн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Газар эзэмшигч, ашиглагч газар чөлөөлөх үүргээ тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Хуульд заасан журмын дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээгээ барьцаалах, шилжүүлэх тохиолдолд улсын бүртгэлд бүртгүүлэх, эсхүл газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр зөвхөн Монгол Улсын иргэн, хуулийн этгээдэд шилжүүлэх, эсхүл барьцаалах журам зөрчсөн бол газар эзэмших, ашиглах гэрээг цуцалж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.Эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр шинээр тариалангийн талбай бий болгосон бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6.Бэлчээрийг зохистой ашиглах, эсхүл хамгаалах журам зөрчсөн бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
7.Хуульд заасан гэрээний дагуу хэсэг бүлгээр ашиглуулахаар шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлгүйгээр газар эзэмших эрхээ бусдад шилжүүлсэн, барьцаалсан, эсхүл 183 хоногоос дээш хугацаагаар бусдад ашиглуулах журам зөрчсөн бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
8.Газрын нэгдмэл сангийн ангилалд бүртгэгдсэн хадлангийн талбайд хадлан авч дуустал мал бэлчээх, эсхүл тариалангийн газрыг өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн албан ёсны зөвшөөрөлгүйгээр тухайн газарт мал, амьтан оруулах, бэлчээхийг хориглосон хязгаарлалтыг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
9.Хуульд заасныг зөрчиж:
9.1.газар эзэмшигч, ашиглагч газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах шаардлагыг биелүүлээгүй;
9.2.иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар ашиглахтай холбогдолтой зураг төсөл боловсруулах, эсхүл шинэ технологи нэвтрүүлэх, эсхүл Монгол Улсад өмнө нь сорьж, шалгаагүй химийн бодис, бордоог газарт хэрэглэхдээ мэргэжлийн эрх бүхий байгууллагаар байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хийлгээгүй;
9.3.иргэн, хуулийн этгээд нь байгаль орчны тэнцвэрт байдал, хүн амын эрүүл мэнд, мал, амьтан, агаар, ой, ус, ургамалд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй барилга байгууламж барих, эсхүл тоног төхөөрөмж байршуулах, эсхүл үйлдвэрийн хаягдал, бохир ус, хортой, бусад бодисыг газрын доор хадгалах, эсхүл булах ажлыг мэргэжлийн эрх бүхий байгууллагын дүгнэлтгүйгээр гүйцэтгэсэн; /Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
9.4.газрыг бохирдуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
10.Хуульд заасныг зөрчиж:
10.1.эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан;
10.2.улсын тусгай хэрэгцээний газарт дур мэдэн үйл ажиллагаа явуулсан;
10.3.газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу эзэмшүүлэхээр зааснаас бусад газарт газар эзэмшсэн;
10.4.газар эзэмших, ашиглах эрх дуусгавар болоход хууль, гэрээнд өөрөөр заагаагүй бол тухайн газрыг эзэмшиж, ашиглаж байсан иргэн, хуулийн этгээд газрыг нөхөн сэргээгээгүй, сайжруулаагүй;
10.5.хот, тосгоны өнгө үзэмж, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах, газрыг хамгаалах, нөхөн сэргээх шаардлагын дагуу газар эзэмшигч нь эзэмшилд авсан газрын 10-аас доошгүй хувийг ногоон байгууламжтай байлгах үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
11.Газрын тухай хуульд заасныг зөрчиж:
11.1.албан ёсны баримт бичиг, арга хэмжээнд газар усны давхар нэр хэрэглэсэн;
11.2.газар усны албан ёсны нэрийг монгол хэлнээс бусад хэлээр орчуулсан, эсхүл бусад хэлний дуудлагаар галиглан бичсэн бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
12.Бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглах эрх бүхий этгээдэд хуульд заасан зориулалтаар уг газрыг ашиглахад нь санаатайгаар саад учруулсан бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
13.Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг тогтоосон журмын дагуу хийлгээгүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
14.Газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах болон эрүүл ахуйн нийтлэг шаардлагыг биелүүлээгүй бол газар эзэмших, ашиглах гэрээг цуцалж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./