8.2 дугаар зүйл. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль зөрчих
1.Газар өмчлөх эрх бүхий иргэн хуульд заасан үүрэг, эсхүл хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан төрийн эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг биелүүлээгүй бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Өмчилж авсан газраа кадастрын, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгүүлэх, өмчийн газраа бусад иргэний өмчлөлд шилжүүлэх, бусдад эзэмшүүлэх, ашиглуулахтай холбогдсон журам, эсхүл барьцааны гэрээ, эд хөрөнгө өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлэх журам зөрчсөн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Тогтоосон цэгт байрлуулсан заагийн цэг, геодезийн цэг, тэмдэгтийг хамгаалах, бүрэн бүтэн байлгах, эсхүл газрын төлөв байдал, чанарыг дордуулахгүй байх үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Иргэн газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд нь аливаа хэлбэрээр саад учруулсан бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.Өмчийнхөө газрыг ашиглах явцад барилгын, экологийн, ариун цэврийн, эрүүл ахуйн, галын аюулгүй байдлын болон бусад холбогдох стандарт, дүрэм, журам, шаардлагыг сахиж мөрдөх, эсхүл өмчийн газрынхаа газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг өөрийн зардлаар 5 жил тутамд эрх бүхий байгууллагаар хийлгүүлж байх үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6.Өмчийн газраа худалдах, арилжих, өвлүүлэх, бэлэглэх, барьцаалах зэргээр гадаадын хуулийн этгээд, гадаадын иргэн, харьяалалгүй хүний өмчлөл, эзэмшилд шилжүүлсэн, эсхүл өмчийн газраа Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 29.1-д заасан зөвшөөрөлгүйгээр бусдад эзэмшүүлсэн, ашиглуулсан бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
7.Иргэний өмчийн газрыг гэрээний үндсэн дээр хөлсөлж, түрээсэлж байгаа гадаадын хуулийн этгээд, гадаадын иргэн, харьяалалгүй хүн уг газрыг бусдад дамжуулан хөлсөлсөн, дамжуулан түрээсэлсэн бол түрээсийн гэрээг цуцалж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.