8.3 дугаар зүйл. Зохиогчийн эрхийн тухай хууль зөрчих /Энэ зүйлийн гарчигт 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

ЗӨРЧЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

8.3 дугаар зүйл. Зохиогчийн эрхийн тухай хууль зөрчих /Энэ зүйлийн гарчигт 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

1.Зохиогчийн эрхийн тухай хуулийг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйлс, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, үйл ажиллагааг зогсоож, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ хэсэгт 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

2.Эрх эзэмшигчийн таних тэмдгийн хамт бичигдсэн зүйлийг өөрчилсөн, устгасан, хууль бусаар өөрчилсөн, тараасан, хилээр нэвтрүүлсэн, нийтэд түгээсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчилтэй бараа бүтээгдэхүүн, эд зүйлс, хууль бусаар олсон орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Хамтын удирдлагын байгууллага батлагдсан төлбөрийн хэмжээнээс илүү хэмжээгээр төлбөр хураан авсан, батлагдсан төлбөр дээр нэмэлт төлбөр ногдуулсан, хуульд заасан тайлан, мэдээг зохих хугацаанд ирүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ хэсгийг 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн./

4.Хамтын удирдлагын байгууллага үйл ажиллагаагаа ашгийн төлөө болгож өөрчилсөн, хууль болон хамтран ажиллах гэрээнд заасан үүргээ удаа дараа биелүүлээгүй, зохиогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж үйл ажиллагаа явуулсан, үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг түдгэлзүүлэх шийдвэрийг үл харгалзан үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, зөвшөөрлийг хүчингүй болгож хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ хэсгийг 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.