2.2 дугаар зүйл. Прокурор

ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

2.2 дугаар зүйл. Прокурор

1.Прокурор зөрчлийн хэрэг бүртгэлтэд хяналт тавих дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1.1.зөрчлийн хэрэг бүртгэлт хуулийн хүрээнд явагдаж байгаа эсэхийг хянах;

1.2.зөрчлийг өөрөө илрүүлсэн, мэдээлэл хүлээн авсан бол харьяаллын дагуу шилжүүлэх;

1.3.энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 2, 4, 5 дахь хэсэгт заасан зөрчлийн хэрэг бүртгэлтийн харьяаллыг тогтоох;

1.4.оролцогчийн гаргасан гомдол, хуульд заасан бусад үндэслэлээр зөрчлийн хэргийг хянах;

/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

1.5.хуульд заасны дагуу зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг сунгах;

1.6.эрх бүхий албан тушаалтан, зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтны шийдвэр, ажиллагааны талаархи гомдлыг хянан шийдвэрлэх;

1.7.прокурорын хяналтын явцад илэрсэн зөрчлийг арилгуулах талаар эрх бүхий байгууллагад шаардлага хүргүүлэх;

1.8.энэ хуульд заасан прокурорын зөвшөөрлөөр явуулах ажиллагааны зөвшөөрөл олгох, хойшлуулшгүй тохиолдолд прокурорын зөвшөөрөлгүй явуулсан ажиллагааг хуульд заасны дагуу явуулсан эсэхийг хянаж, хүчинтэйд тооцох эсэхийг шийдвэрлэх;

1.9.зөрчлийн хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх;

1.10.зөрчил шалгах тодорхой ажиллагааг гүйцэтгүүлэхээр даалгавар өгөх;

1.11.эрх бүхий албан тушаалтны эрх хязгаарлах арга хэмжээ хэрэгжүүлэхтэй холбоотой гаргасан саналыг шийдвэрлэх;

1.12.энэ хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрх хязгаарлах арга хэмжээний хууль зүйн үндэслэлийг хянаж, үндэслэлгүй арга хэмжээ авсан бол цуцлах, саатуулагдсан хүнийг суллах;

1.13.зөрчлийн хэрэг бүртгэлтийн явцад эрх бүхий албан тушаалтан хууль зөрчсөн бол зөрчлийг тухайн эрх бүхий албан тушаалтнаар шалгуулахыг зогсоох талаар дээд шатны албан тушаалтанд шаардлага хүргүүлэх;

1.14.зөрчлийн хэрэг бүртгэлт, хяналтын ажилд шаардлагатай мэдээ, судалгаа, баримт бичгийг гаргуулан авах, газар дээр нь танилцах, иргэн, албан тушаалтнаас тайлбар авах;

1.15.тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэргийн шинжтэй бол эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, эсхүл эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, харьяаллын дагуу шилжүүлэх;

1.16.зөрчлийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцох;

1.17.хуульд заасан бусад.

2.Зөрчлийн хэрэг бүртгэлтийн явцад гаргасан прокурорын шийдвэрийг эрх бүхий албан тушаалтан эс зөвшөөрвөл шийдвэрийг гарснаас хойш ажлын 3 өдрийн дотор тухайн нэгжийн дээд шатны прокурорт гомдол гаргана.

3.Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан гомдлыг хүлээн авсан тухайн нэгжийн дээд шатны прокурор ажлын 5 өдрийн дотор хянан, гомдолд дурдсан шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх, эсхүл гомдлыг хүлээн авахаас татгалзан шийдвэрлэнэ.

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

4.Прокурор энэ зүйлд заасан гомдлыг шийдвэрлэхэд энэ хуулийн 1.12 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэгт заасан журмыг баримтална.

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

5.Оролцогч дараахь үндэслэлээр прокурорыг татгалзан гаргах хүсэлтийг тухайн нэгжийн дээд шатны прокурорт гаргаж болно:

5.1.тухайн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцогч бол;

5.2.тухайн зөрчлийн хэрэг бүртгэлт явуулж байгаа эрх бүхий албан тушаалтан, зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан, өмгөөлөгч, оролцогчийн гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүн бол.

6.Тухайн нэгжийн дээд шатны прокурор энэ зүйлийн 5 дахь хэсэгт заасан хүсэлтийг үндэслэлгүй гэж үзвэл хангахаас татгалзах, үндэслэлтэй гэж үзвэл хүсэлтийг хангаж, өөр прокурор томилно.

7.Энэ зүйлийн 6 дахь хэсэгт заасан прокурорын гаргасан шийдвэрт гомдол гаргахгүй.

8.Зөрчил шалган шийдвэрлэх, хяналт тавих байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог хангах, харилцан мэдээлэл солилцох зорилго бүхий зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сантай байна. /Энэ хэсгийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн./

9.Зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд мэдээлэл нийлүүлэх, солилцох, ашиглах, мэдээлэлтэй танилцах журмыг энэ хуульд нийцүүлэн Улсын ерөнхий прокурор, хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална. /Энэ хэсгийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.