2.3 дугаар зүйл. Зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан
1.Зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
1.1.зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг зохион байгуулалт, мэргэжлийн удирдлагаар хангах;
1.2.зөрчлийн талаархи гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлж, зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэх; /Энэ хэсэгт 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
1.3.зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах үүргийг нэг, эсхүл хэд хэдэн эрх бүхий албан тушаалтанд даалгах;
1.4.шаардлагатай тохиолдолд зөрчлийн хэрэг бүртгэлтийг явуулах эрх бүхий албан тушаалтныг өөрчлөх;
1.5.зөрчил шалгах нэмэлт ажиллагаа явуулах шаардлагатай бол хэрэг бүртгэлтийн хугацааг 14 хүртэл хоногоор сунгах;
1.6.зөрчлийн хэрэг бүртгэлтийн хэргийг харьяаллын дагуу шилжүүлэхээр прокурорт танилцуулж, шийдвэрлүүлэх;
1.7.шаардлагатай бол эрх бүхий албан тушаалтны бүрэн эрхийг хэрэгжүүлэх.
2.Оролцогч энэ хуулийн 2.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан үндэслэлээр зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтныг татгалзан гаргах хүсэлтийг прокурорт гаргаж болно.
3.Прокурор энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүсэлтийг үндэслэлгүй гэж үзвэл хангахаас татгалзах, үндэслэлтэй гэж үзвэл хүсэлтийг хангаж, өөр албан тушаалтныг томилно.
4.Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан прокурорын шийдвэрт гомдол гаргахгүй.
5.Зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гэмт хэргийн шинж илрүүлсэн бол прокурорт даруй мэдэгдэнэ.