2.4 дугаар зүйл. Эрх бүхий албан тушаалтан

ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

2.4 дугаар зүйл. Эрх бүхий албан тушаалтан

1.Энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд зөрчил шалган шийдвэрлэх явцад дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1.1.хуулиар харьяалуулсан зөрчлийг өөрөө илрүүлсэн, эсхүл зөрчлийн тухай гомдол, мэдээлэл ирүүлснийг хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх;

1.2.зөрчлийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авах, бүртгэх;

1.3.хуульд заасан үндэслэл, журмын дагуу зөрчлийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах, эсхүл зөрчлийн хэрэг нээх;

1.4.зөрчлийн талаархи гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналыг зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтанд гаргах;

1.5.зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах;

1.6.шинжилгээнд зориулж хэв загвар, дээж авах, шинжилгээ хийх;

1.7.прокурорын шийдвэр, үйл ажиллагааны талаар хуульд заасан журмын дагуу тухайн нэгжийн дээд шатны прокурорт гомдол гаргах;

1.8.зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн гаргасан хүсэлтийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэрлэх;

1.9.хуульд заасан үндэслэл, журмын дагуу эрх хязгаарлах арга хэмжээг авах;

1.10.хуулиар харьяалуулсан зөрчилд шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ авах;

1.11.зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авах, зардлыг нөхөн төлүүлэх;

1.12.зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд шийтгэл оногдуулсан шийдвэрийг тогтоосон хугацаанд биелүүлээгүй, зөрчлийн үр дагаврыг арилгахтай холбоотой зардлыг нөхөн төлөөгүй бол албадан гүйцэтгүүлэхээр шүүхэд хүсэлт гаргах;

1.13.шүүхээс зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох;

1.14.хуульд заасан бусад.

2.Оролцогч энэ хуулийн 2.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан үндэслэлээр эрх бүхий албан тушаалтныг татгалзан гаргах хүсэлтийг зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтанд гаргаж болно.

3.Зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүсэлтийг үндэслэлгүй гэж үзвэл хангахаас татгалзах, үндэслэлтэй гэж үзвэл хүсэлтийг хангаж, зөрчлийн хэргийг шалгуулахаар өөр эрх бүхий албан тушаалтанд шилжүүлнэ.

4.Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтны шийдвэрт гомдол гаргахгүй.

5.Эрх бүхий албан тушаалтан оногдуулсан шийтгэл, шийтгэлийг албадан гүйцэтгүүлэх үндэслэлийг шүүхэд нотлох үүрэг хүлээнэ.

6.Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гэмт хэргийн шинжийг илрүүлсэн бол прокурорт даруй мэдэгдэнэ.

ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ ОРОЛЦОГЧ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.