3.1 дугаар зүйл. Холбогдогч
1.Зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэнэ.
2.Холбогдогч дараахь эрхтэй:
2.1.ямар зөрчилд холбогдон шалгагдаж байгааг мэдэх;
2.2.өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах;
2.3.эх хэлээрээ, эсхүл сайн мэдэх хэлээрээ мэдүүлэг өгөх, орчуулагч, хэлмэрч авах;
2.4.хохирогчийн гомдолтой танилцаж тайлбар гаргах;
2.5.зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах хүсэлт гаргах;
2.6.эрх бүхий албан тушаалтан, хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан, прокурорын үйл ажиллагаа, шийдвэр, шүүхийн шийдвэрт гомдол гаргах;
2.7.өөрийн, эсхүл хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу хийгдэж байгаа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох, уг ажиллагааны тэмдэглэлтэй танилцах, түүнд засвар оруулах хүсэлт гаргах;
2.8.нотлох баримт шалгуулах тухай хүсэлт гаргах, нотлох баримт гаргаж өгөх;
2.9.зөрчлийн хэрэгтэй танилцах;
2.10.хуульд заасан бусад.
3.Холбогдогч дараахь үүрэгтэй:
3.1.шүүх, прокурор, эрх бүхий албан тушаалтны дуудсан цагт хүрэлцэн ирэх;
3.2.шүүх, прокурор, эрх бүхий албан тушаалтны шийдвэр, хууль ёсны шаардлагыг биелүүлэх;
3.3.зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх;
3.4.оролцогчид нөлөөлөхгүй байх.
4.Холбогдогчийн энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй нь түүнд эрх хязгаарлах арга хэмжээ хэрэглэх, хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.