3.3 дугаар зүйл. Өмгөөлөгч

ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

3.3 дугаар зүйл. Өмгөөлөгч

1.Холбогдогч, хохирогчийн хүсэлтээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцож болно.

2.Холбогдогч, хохирогч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны аль ч үед өмгөөлөгч авч болно.

3.Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчийн оролцоо нь хууль зүйн туслалцаа авч байгаа талын хүсэлтээр тодорхойлогдоно.

4.Өмгөөлөгч дараахь эрхтэй:

4.1.холбогдогчтой ганцаарчлан уулзах, түүнээс мэдүүлэг авахад байлцах, асуулт тавих, тэмдэглэлд тусгуулах;

/Энэ заалтад 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

4.2.хохирогч, гэрч, шинжээчээс мэдүүлэг авахуулахаар хүсэлт гаргах;

4.3.зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлттэй танилцах, дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргах;

4.4.хууль зүйн туслалцаа үзүүлэхэд шаардлагатай эд зүйл, баримт бичиг, мэдээлэл, бусад баримтыг эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүхэд гаргаж өгөх, түүнийг зөрчлийн хэрэгт бэхжүүлж тусгуулах, зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах хүсэлт гаргах, энэ хуульд заасан журмын дагуу оролцох;

4.5.өмгөөлж байгаа хохирогч, холбогдогчийн, эсхүл өөрийнхөө хүсэлтээр хийгдэж байгаа зөрчил шалгах ажиллагаанд байлцаж, аль ч үед асуулт тавих, хүсэлт гаргах;

4.6.өөрийн оролцсон зөрчил шалгах ажиллагаа, шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцаж, засвар оруулах тухай хүсэлт гаргах;

4.7.өөрсдийнх нь зөвшөөрснөөр хүн, хуулийн этгээдээс хэрэгт ач холбогдол бүхий тайлбар, баримт бичиг, тодорхойлолт гаргуулж авах;

4.8.эрх бүхий албан тушаалтан, прокурор, орчуулагч, хэлмэрч, шинжээч, шүүгч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг татгалзан гаргах хүсэлт гаргах;

4.9.зөрчлийн хэрэгтэй танилцаж, төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлд хамаарахаас бусад нотлох баримтыг өөрийн зардлаар хуулбарлаж, хувилж авах; /Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

4.10.эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүхийн ажиллагаа, шийдвэрт гомдол гаргах;

4.11.хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцох;

4.12.энэ хуульд заасан бусад.

5.Өмгөөлөгч тухайн хүн, хуулийн этгээдийн өмгөөлөгчөөр оролцох болсон тухай шүүх, прокурор, эрх бүхий албан тушаалтанд бичгээр мэдэгдэнэ.

6.Өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээгээр хүлээсэн өмгөөлөх, хууль зүйн туслалцаа үзүүлэх үүргээс татгалзаж болохгүй.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.