3.4 дугаар зүйл. Орчуулагч, хэлмэрч

ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

3.4 дугаар зүйл. Орчуулагч, хэлмэрч

1.Эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүх монгол хэл мэдэхгүй, эсхүл хараа, сонсгол, хэл ярианы бэрхшээлтэйн улмаас харилцаж чадахгүй оролцогчийг орчуулагч, хэлмэрчийн тусламж авах боломжоор хангах үүрэгтэй.

2.Эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүх орчуулга хийх, хэлмэрчлэх мэдлэг, чадвартай хүнийг орчуулагч, хэлмэрчээр оролцуулж болно.

3.Орчуулагч, хэлмэрч дараахь эрхтэй:

3.1.өөрийн оролцсон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлтэй танилцаж, засвар оруулах хүсэлт гаргах;

3.2.орчуулах, хэлмэрчлэх мэдлэг, чадвар хүрэхгүй бол оролцохоос татгалзах.

4.Орчуулагч, хэлмэрч дараахь үүрэгтэй:

4.1.эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүхийн дуудсан цагт ирж орчуулах, хэлмэрчлэх;

4.2.үнэн зөв орчуулах, хэлмэрчлэх;

4.3.үнэн зөв орчуулсан, хэлмэрчилснээ баталж баримт бичиг, эсхүл өөрийн оролцоотой явагдсан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлд гарын үсэг зурах;

4.4.хэлмэрчлэх, орчуулах явцад мэдсэн төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэл, зөрчлийн хэргийн талаархи мэдээллийг задруулахгүй байх; /Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

4.5.зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх.

5.Энэ хуульд заасан журам нь сонсгол, хэл, ярианы бэрхшээлтэй хүний дохио, зангаа, тусгай тэмдэгтийг хэлмэрчлэхэд нэгэн адил хамаарна.

6.Эрх бүхий албан тушаалтан зөрчил шалгах ажиллагааг хойшлуулшгүй тохиолдолд явуулах, эсхүл энэ хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэхэд хэлмэрч, орчуулагчийг оролцуулахгүй байж болно.

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.