3.8 дугаар зүйл. Шинжээч:
/Энэ зүйлийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./
1.Эрх бүхий албан тушаалтан, эсхүл эрх бүхий албан тушаалтны шинжилгээ хийлгэх хүсэлтийн дагуу Шүүх шинжилгээний тухай хуулийн 4.1.6, 8.2-т заасан этгээдийг шинжээчээр томилно. /Энэ хэсгийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
2.Шинжээч нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 49.1-д зааснаас гадна дараах эрх эдэлнэ: /Энэ хэсэгт 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
2.1.зөрчлийн хавтаст хэргийн материалаас шинжилгээ хийх зүйлд холбогдох хэсэгтэй нь танилцах;
2.2.эрх бүхий албан тушаалтны зөвшөөрснөөр зөрчил шалгах ажиллагаанд оролцох, шинжилгээ хийхтэй холбоотой асуудлаар оролцогчид асуулт тавих, зөрчил шалгах ажиллагааны тэмдэглэлд нэмэлт, өөрчлөлт оруулах санал гаргах;
2.3.дүгнэлт гаргахад хэрэгцээтэй нэмэлт баримт ирүүлэх талаар шүүх, эрх бүхий албан тушаалтанд хандаж хүсэлт гаргах;
2.4.шинжээчид тавьсан асуулт нь түүний тусгай мэдлэгийн хүрээнээс хэтэрсэн, эсхүл тусгай мэдлэгт хамаарахгүй, эсхүл шинжилгээ хийх баримт сэлтэд холбогдох хүн, байгууллагатай ашиг сонирхлын зөрчил үүсэхээр бол шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаас татгалзах;
2.5.шинжилгээний байгууллагаас гадуур шинжээчээр томилогдсон тохиолдолд шинжилгээний зардал, ажлын хөлсийг гаргуулан авах;
2.6.аюулгүй байдлаа хамгаалуулах хүсэлтийг холбогдох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гаргах.
3.Шинжээч нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 49.2-т зааснаас гадна дараах үүргийг хүлээнэ: /Энэ хэсэгт 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
3.1.эрх бүхий албан тушаалтны тавьсан асуултын дагуу тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд шинжилгээг тал бүрээс нь бүрэн бодитой хийж, тогтоосон хугацаанд шинжлэх ухааны үндэслэл бүхий дүгнэлтийг бичгээр гаргах;
3.2.гаргасан дүгнэлттэй холбоотой асуудлаар мэдүүлэг өгөх.
4.Шинжээч тавьсан асуултын заримыг санаатайгаар хариулахгүй орхисон, эсхүл тогтоосон хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн, эсхүл худал дүгнэлт гаргасан бол хуульд заасан хариуцлага хүлээнэ.
5.Шинжээчийн үүргийг багаар гүйцэтгэж болно.
ЗӨРЧИЛ ШАЛГАХ ТОДОРХОЙ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ЖУРАМ