4.1 дугаар зүйл. Зөрчил шалгах ажиллагаа
1.Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ.
2.Зөрчил шалгах ажиллагаа нь зөрчил үйлдэгдсэн газар, хүн, хуулийн этгээдийн эзэмшил газар, барилга байгууламж, тээврийн хэрэгсэл, хүний бие, эд зүйлд үзлэг хийх, баримт бичиг, мэдээлэл гаргуулан авах, эд зүйл, баримт бичгийг хураан авах, эд хөрөнгийг битүүмжлэх, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, мэдүүлэг авах, шинжилгээнд зориулж хэв загвар, дээж авах, шинжилгээ хийлгэх ажиллагаанаас бүрдэнэ.
3.Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд прокурорын зөвшөөрлөөр явуулахаар зааснаас бусад ажиллагааг явуулах шийдвэрийг бие даан гаргана.
4.Зөрчил шалгах ажиллагааны явцад гэмт хэргийн шинжийг илрүүлсэн бол эрх бүхий албан тушаалтан прокурорт даруй мэдэгдэж, холбогдох баримтыг хүргүүлнэ.
5.Энэ бүлэгт заасан зөрчил шалгах ажиллагааны тэмдэглэл, шийдвэрийн маягтыг Улсын ерөнхий прокурор батална.