4.2 дугаар зүйл. Прокуророос зөвшөөрөл авах ажиллагаа

ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

4.2 дугаар зүйл. Прокуророос зөвшөөрөл авах ажиллагаа

1.Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасан прокурорын зөвшөөрлөөр явуулах ажиллагааны саналыг тухайн ажиллагааг явуулахаас 24 цагийн өмнө прокурорт хүргүүлнэ.

2.Эрх бүхий албан тушаалтан энэ хуулийн 4.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 4.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 4.7 дугаар зүйл, 4.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ажиллагаа явуулах саналыг уг ажиллагааг явуулахаас өмнө прокурорт хүргүүлнэ.

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

3.Прокурор энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан саналыг хүлээн авсан даруй зөвшөөрөл олгох эсэх тухай шийдвэр гаргана.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

4.Хойшлуулшгүй тохиолдолд энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан ажиллагааг прокурорын зөвшөөрөлгүй явуулсан бол ажиллагаа дууссанаас хойш даруй зөвшөөрөлгүй явуулах болсон үндэслэлийн тайлбарыг бичгээр гаргаж, нотлох баримтын хамт прокурорт хүргүүлнэ.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

5.Прокурор энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан тайлбар, нотлох баримтыг хүлээн авснаас хойш 24 цагийн дотор зөрчил шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох эсэхийг шийдвэрлэнэ.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

6.Прокурор зөрчил шалгах ажиллагааг даруй явуулахгүй бол нотлох баримт гэмтэх, устах, зөөвөрлөх, нуун далдлах бодит эрсдэл байсан эсэхийг хянан шийдвэрлэхийн тулд тухайн ажиллагаанд оролцсон хүнийг дуудаж мэдүүлэг авч, шаардлагатай нэмэлт материалыг эрх бүхий албан тушаалтнаас гаргуулан авч болно.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

7.Прокурор эрх бүхий албан тушаалтнаас ирүүлсэн тайлбар, нотлох баримттай танилцсаны дараа дараах шийдвэрийн аль нэгийг гаргана:

7.1.зөрчил шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох;

7.2.зөрчил шалгах ажиллагаа, нотлох баримтыг хүчингүй болгох.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

8.Энэ зүйлийн 7.2 дахь заалтад заасан прокурорын шийдвэрт хураан авсан эд зүйл, баримт бичиг, битүүмжилсэн эд хөрөнгийг эзэмшигчид нь эргүүлэн олгохыг даалгана.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.