4.3 дугаар зүйл. Үзлэг хийх
1.Эрх бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг тогтоох зорилгоор үзлэг хийнэ.
2.Орон байранд прокурорын зөвшөөрлөөр үзлэг хийнэ.
3.Хүний биед хийх үзлэгийг энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.2, 6.3, 6.8, 6.11, 6.13, 6.24, 6.25, 6.62 дахь заалтад заасан эрх бүхий албан тушаалтан хийнэ. Арван найман насанд хүрээгүй хүний биед үзлэг хийх ажиллагаанд хүүхдийн хууль ёсны төлөөлөгчийг байлцуулна. /Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./ /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
4.Үзлэг хийхдээ тухайн хүнд байгаа зүйлийг нь гаргуулах, эсхүл гадна талаас нь харах, гараар тэмтрэх, тусгай багаж ашиглах аргаар хийж болно.
5.Хүний биед үзлэг хийхэд өмссөн хувцас, биедээ авч яваа эд зүйлийг хамтад нь үзнэ.
6.Үзлэг хийхэд хугацаа шаардагдах, эсхүл бусад үндэслэл байвал эрх бүхий байгууллага дээр хийж болно.
7.Эд зүйл, баримт бичиг, ачаа тээш, мал, амьтан, тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд эзэмшигчийг байлцуулна. Эзэмшигчийг оролцуулах боломжгүй бол хөндлөнгийн гэрчийг байлцуулах, эсхүл гэрэл зураг, дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлж болно.
8.Үзлэг хийх үед хуулиар хориглосон зүйл илэрвэл хураан авч, тэмдэглэлд тусгана.
9.Үзлэг хийх явцад хүний амь нас, эрүүл мэндэд аюул, орчинд хөнөөл учруулж болзошгүй тэсэрч дэлбэрэх болон химийн хортой бодис, бусад эд зүйл байна гэж үзвэл холбогдох мэргэжилтнийг оролцуулж болно.
10.Үзлэг хийх явцад шаардлагатай бол шинжилгээнд зориулж хэв загвар, дээж авах, эд хөрөнгө битүүмжлэх, эд зүйл, баримт бичиг хураан авах ажиллагааг явуулж болно.
11.Эрх бүхий албан тушаалтны шаардлагаар үзлэг хийлгэхээс татгалзсан, эсэргүүцэл үзүүлсэн бол үзлэгийг албадан гүйцэтгэнэ.