4.11 дугаар зүйл. Шинжилгээ хийлгэх

ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

4.11 дугаар зүйл. Шинжилгээ хийлгэх

1.Эрх бүхий албан тушаалтан хүн, эд зүйл, баримт бичиг, ургамал, мал амьтанд шинжилгээ хийлгэнэ.

2.Дараахь тохиолдолд хүнд холбогдуулан шинжилгээ хийлгэж болно:

2.1.гэрч, хохирогч, холбогдогч зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг бодитой тусгаж, зөв мэдүүлэг өгөх чадвартай эсэхэд эргэлзээ төрвөл сэтгэцийн байдлыг тодорхойлох;

2.2.холбогдогчийг донтох сэтгэцийн эмгэгтэй эсэхийг тогтоох шаардлагатай бол;

2.3.холбогдогчийн насыг гэрчлэх баримт бичиг байхгүй бөгөөд түүний насыг тогтоох нь зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдолтой бол.

2.4.хүний биед гэмтэл учирсан эсэхийг тогтоох шаардлагатай бол.

/Энэ заалтыг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

3.Эрх бүхий албан тушаалтан эд зүйл, хөрөнгөд үнэлгээ тогтоох, тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулах зорилгоор хүсэлт гаргаж шинжилгээ хийлгэж болно.

4.Тусгай мэдлэг, мэргэжил эзэмшсэн эрх бүхий албан тушаалтан өөрөө бие даан шинжилгээ хийж, магадалгаа гаргаж болно.

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

5.Оролцогч шинжээчийн дүгнэлттэй санал нийлэхгүй бол эрх бүхий албан тушаалтан, прокурорт энэ хуульд заасан журмын дагуу гомдол гаргаж болно.

6.Оролцогчийн хүсэлтээр дахин шинжилгээг нэг удаа хийж болно.

7.Шинжээч шинжилгээний дүгнэлт гаргахдаа Шүүх шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтална. /Энэ хэсэгт 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

8.Эрх бүхий албан тушаалтан шинжилгээ хийлгэх шийдвэрээ шинжилгээний байгууллага, шинжээчид шинжилгээний объект, эсхүл түүний дээжийн хамт хүргүүлнэ. /Энэ хэсгийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

9.Шинжилгээний объектыг хүргэх, тээвэрлэх боломжгүй тохиолдолд шинжээчийг шинжилгээний объект байгаа газарт чөлөөтэй нэвтрүүлэх, шинжилгээ хийх нөхцөлөөр хангах үүргийг шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасан, шинжээч томилсон эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүлээнэ. /Энэ хэсгийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

10.Энэ зүйлийн 8 дахь хэсэгт заасан шийдвэрт шинжилгээ хийлгэх үндэслэл, шинжилгээний байгууллагын болон шинжээчийн нэр, шинжээчид тавих асуулт, шинжилгээ хийж дүгнэлт гаргах хугацаа, шинжээчийн мэдэлд шилжүүлэн өгсөн шинжилгээний объектын талаарх мэдээллийг тусгана. /Энэ хэсгийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

11.Шинжилгээний байгууллага нь шинжилгээ хийлгэх тухай шийдвэрийг хүлээн авмагц шинжээч, эсхүл шинжээчдийн багт шинжилгээ хийлгэхээр даалгана. /Энэ хэсгийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

12.Шинжээчдийн багийн бүрэлдэхүүнд тухайн байгууллагад ажилладаггүй тусгай мэдлэг эзэмшсэн хүнийг шинжээчээр оролцуулж болно. /Энэ хэсгийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

13.Энэ зүйлийн 12 дахь хэсэгт заасан тохиолдолд тухайн хүнийг шинжээчээр оролцуулах тухай шинжилгээний байгууллага нь шинжээч томилсон эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэнэ. /Энэ хэсгийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

14.Эрх бүхий албан тушаалтан холбогдогчийг донтох сэтгэцийн эмгэгтэй эсэхийг тогтоолгох шаардлагатай гэж үзвэл шинжилгээнд хамруулах тухай шийдвэрийг эмнэлгийн байгууллагад хүргүүлнэ.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

15.Донтох сэтгэцийн эмгэгтэй эсэхийг тогтоолгох шаардлагатай холбогдогч өөртөө, эсхүл бусдад аюул учруулж болзошгүй бол эмнэлгийн байгууллагад албадан хүргэж болно.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

16.Эмнэлгийн байгууллагад албадан хүргэх ажиллагааг тухайн шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтан цагдаагийн байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.