4.12 дугаар зүйл. Хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд зүйлийн талаар авах арга хэмжээ
1.Шүүх, прокурор, эрх бүхий албан тушаалтан хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд зүйлийн хадгалалт, хамгаалалтыг хариуцна.
/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
2.Эрх бүхий албан тушаалтны энэ хуулийн 6.10 дугаар зүйлд заасны дагуу гаргасан шийдвэр, зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл, эсхүл зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрт гомдол гаргах, давж заалдах хугацаа дуустал хураан авсан хөрөнгө, орлого, эд зүйлийг зохих журмын дагуу хадгалж, энэ тухай баримтыг зөрчлийн хэрэгт хавсаргана.
/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./
3.Хураан авсан үндэсний болон гадаад валютыг тусгай дансанд байршуулна.
/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./
4.Хураан авсан хөрөнгө, орлого, эд зүйлийг хадгалах талаар гаргасан оролцогчийн хүсэлтийг үндэслэн, тэдгээрийг хадгалах асуудлыг эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүхийн шийдвэрт тусгайлан зааж болно.
/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./
5.Тусгай хадгалалт, хамгаалалт шаардлагатай хөрөнгө, орлого, эд зүйл, шинжилгээний объектыг шүүх, прокурор, эрх бүхий албан тушаалтан, шинжилгээний байгууллагын шинжээчийн саналаар тухайн байгууллагаас өөр байгууллагад хадгалуулж болно.
/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./
6.Энэ зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хураан авсан хөрөнгө, орлого, эд зүйлийг хадгалах, хамгаалах, хяналт тавих үүрэг хүлээсэн байгууллага, албан тушаалтан тэдгээрийн бүрэн бүтэн байдлыг хариуцна.
/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./
7.Зөрчлийн хэргийг харьяаллын дагуу, эсхүл шүүхэд шилжүүлэхдээ хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд зүйлийн хамт хүргүүлнэ.
/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./
8.Зөрчлийн хэргийг шүүхэд шилжүүлэхэд овор хэмжээний хувьд болон бусад шалтгаанаар хөрөнгө, орлого, эд зүйлийн хамт хүргүүлэх боломжгүй бол түүнийг шүүхийн шийдвэр гартал зохих журмын дагуу хадгалж, энэ тухай баримтыг зөрчлийн хэрэгт хавсаргана.
/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./
9.Эрх бүхий албан тушаалтны хураан авсан хөрөнгө, орлого, эд зүйл, шинжилгээний объект нь хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал амьтанд хортой нөлөө үзүүлэх, нийтийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх бодит үндэслэл бий болсон, эсхүл түргэн муудах, гэмтэх, устах, эсхүл зөрчлийг шийдвэрлэгдэх хүртэл чанар нь муудах хөрөнгө, орлого, эд зүйлийг эзэмшигчид нь буцаан өгөх боломжгүй тохиолдолд шүүхэд хүсэлт гаргаж шийдвэрлүүлнэ.
/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./
10.Эрх бүхий албан тушаалтны хүсэлтийг хүлээн авсан шүүх ажлын 2 өдрийн дотор дараах шийдвэрийн аль нэгийг гаргана.
10.1.хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэх;
10.2.хадгалуулахаар зохих байгууллагад шилжүүлэх;
10.3.худалдан борлуулж орлогыг тусгай дансанд хадгалах;
10.4.устгуулахаар зохих байгууллагад шилжүүлэх.
/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./
11.Эрх бүхий албан тушаалтны энэ хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гаргасан шийдвэр, эсхүл зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд зүйлийг буцаан олгохоор заасан боловч энэ зүйлийн 10.1, 10.3, 10.4 дэх заалтад заасны дагуу тухайн хөрөнгө, орлого, эд зүйлийг шилжүүлсэн, худалдан борлуулсан, устгасан тохиолдолд эзэмшигчид нь адил төрөл, чанарын эд зүйлийг олгох, эсхүл үнийг төлнө.
/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./
12.Эрх бүхий байгууллага нь энэ зүйлийн 10 дахь хэсэгт заасан ажиллагааны тэмдэглэл, устгасан, шилжүүлсэн, худалдан борлуулсан хөрөнгө, орлого, эд зүйлийн жагсаалтыг зөрчлийн хэрэгт хавсаргана.
/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./
13.Зөрчлийн хэргийн материал, хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд зүйлийг хүлээн авах, хадгалах, шилжүүлэх болон энэ зүйлийн 10 дахь хэсэгт заасан ажиллагааны журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Улсын ерөнхий прокурор хамтран батална.
/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./
14.Шүүх энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 7, 8 дахь хэсэгт заасан зөрчлийн хэргийн улмаас хураан авсан, битүүмжилсэн эд зүйлийн талаар энэ зүйлийн 15 дахь заалтад заасан шийдвэрийг гаргана.
/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./
15.Эрх бүхий албан тушаалтан энэ хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг гаргахдаа зөрчил шалгах ажиллагааны журмын дагуу хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд зүйлийн талаар дараах шийдвэрийн аль нэгийг гаргана:
15.1.эзэмшигчид нь буцаан олгох;
15.2.устгах;
15.3.улсын орлого болгох;
15.4.зөрчлийн хэрэгт хадгалах.
/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./
16.Хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд зүйлийг буцаан олгох нь хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал амьтанд хортой нөлөө үзүүлэх, нийтийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх бодит үндэслэлтэй, эзэмшигч, өмчлөгч нь тодорхойгүй, эсхүл хуулиар хориглосон, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлахаар бол эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 15.2, 15.3 дахь заалтад заасан шийдвэрийг гаргана.
/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./
17.Хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд зүйлийг зөрчлийн хэрэгт эд мөрийн баримтаар хадгалах шаардлагатай бол энэ зүйлийн 15.4 дэх заалтад заасан шийдвэрийг гаргана.
/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./