4.13 дугаар зүйл. Тэмдэглэл үйлдэх журам

ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

4.13 дугаар зүйл. Тэмдэглэл үйлдэх журам

1.Энэ хуульд өөрөөр заагаагүй бол тэмдэглэлд зөрчил шалган шийдвэрлэх тодорхой ажиллагааны явц, дэс дараалал, илэрсэн нөхцөл байдал, авсан арга хэмжээ, үр дүн болон дараахь нийтлэг зүйлийг тусгана:

1.1.ажиллагааг явуулсан эрх бүхий албан тушаалтны нэр, албан тушаал;

1.2.ажиллагааг явуулсан газар, эхэлсэн, дууссан он, сар, өдөр, цаг, минут, хэрэгжүүлэх явцад хугацаа тасалдсан бол түүний шалтгаан, хугацаа;

1.3.ажиллагааг прокурорын зөвшөөрлөөр явуулж байгаа бол зөвшөөрлийн дугаар, хүчинтэй хугацаа;

1.4.ажиллагааг хойшлуулшгүй тохиолдолд явуулж байгаа бол үндэслэл бүхий нөхцөл байдлын талаар;

1.5.зөрчил шалгах ажиллагаанд оролцсон хүний эцэг /эх/-ийн болон өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг, байршил;

1.6.ажиллагаанд байлцсан бусад хүний хувийн баримт бичиг дэх мэдээлэл;

1.7.ажиллагаанд оролцсон хүнд эрх, үүргийг тайлбарласан тухай;

1.8.оролцогч, гэрчээс санал, хүсэлт гаргасан эсэх, түүнийг хэрхэн шийдвэрлэсэн.

2.Тэмдэглэлд эрх бүхий албан тушаалтан, ажиллагаанд оролцсон хүн гарын үсэг зурна. Тэмдэглэл хэд хэдэн хуудастай бол ажиллагаанд оролцсон хүн хуудасны нүүр тус бүрд гарын үсэг зурна.

3.Тэмдэглэлд нэмэлт оруулсан, засвар хийсэн бол ямар засвар, өөрчлөлт хийсэн талаар тусгаж, энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан аргаар баталгаажуулна.

4.Ажиллагаанд оролцсон хүн гарын үсэг зурахаас татгалзсан, эсхүл баталгаажуулах боломжгүй бол шалтгааныг тэмдэглэлд тусгана.

5.Ажиллагааны явцад хийсэн дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг, гэрэл зураг, гар зураглал, хэв загварыг тэмдэглэлд хавсаргана.

6.Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцыг дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлж болно.

7.Энэ хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлийн маягтыг Улсын ерөнхий прокурор батална.

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

8.Тэмдэглэлд зөрчил шалгах ажиллагаанд ашиглаж байгаа техник хэрэгслийн нэр төрөл, үзүүлэлтийг тэмдэглэж, бичлэг хийсэн цаг, минут, авсан гэрэл зургийн тоог тусгана. Дуу-дүрсний бичлэгт тухайн ажиллагааны зорилго, он, сар, өдөр, байршил, эхэлсэн, дууссан цаг, минутыг тусгана.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

9.Зөрчил шалгах ажиллагаанд оролцсон хүн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас тэмдэглэлд гарын үсэг зурах боломжгүй бол энэ тухай эрх бүхий албан тушаалтан тайлбар бичиж тэмдэглэлд хавсаргана.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.