4.5 дугаар зүйл. Эд зүйл, баримт бичиг хураан авах

ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

4.5 дугаар зүйл. Эд зүйл, баримт бичиг хураан авах

1.Эрх бүхий албан тушаалтан зөрчлийг шалган тогтоох зорилгоор зөрчил үйлдэж олсон хөрөнгө, орлого, эд зүйл, зөрчил үйлдэхэд ашигласан зэвсэг, хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, уналга, эсхүл зөрчил шалгах ажиллагаанд ач холбогдолтой эд зүйл, баримт бичгийг хураан авна.

2.Эрх бүхий албан тушаалтан хураан авах ажиллагааг эхлэхийн өмнө хураан авах эд зүйл, баримт бичгийг сайн дураар гаргаж өгөх, зааж өгөх боломжийг тухайн хүн, хуулийн этгээдийн төлөөлөгчид олгоно.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

3.Эрх бүхий албан тушаалтан шуудан-цахилгаанаар явуулсан зүйлийг шуудан-цахилгаан харилцааны байгууллагад байх үед нь прокурорын зөвшөөрлөөр хураан авах, эсхүл үзлэг хийж болно.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

4.Зарим онцлох эд зүйл, үнэт эдлэл, түүх, соёлын дурсгалт зүйл, тэсэрч дэлбэрэх, хордуулах бодисыг хураан авах ажиллагаанд мэргэжилтнийг оролцуулж, эсхүл мэргэжлийн байгууллагад хандан гүйцэтгүүлж болно.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

5.Баримт бичгийг эхээр нь, шаардлагатай бол хууль ёсны эзэмшигчид эхийг нь буцаан олгож, хуулбарыг зөрчлийн хэрэгт хавсарган тэмдэглэлд тусгана.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

6.Хураан авсан эд зүйл, баримт бичгийн жагсаалт, тэмдэглэлийг эд зүйл, баримт бичгээ хураалгасан болон тухайн ажиллагаанд байлцсан хүнээр гарын үсэг зуруулж, хувийг эд зүйлийн эзэмшигч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид даруй гардуулна.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

7.Эд зүйл, баримт бичиг хураан авах ажиллагааны үед үзлэг хийхдээ энэ хуулийн 4.3 дугаар зүйлд заасан журмыг баримтална.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

8.Хэрэгт ач холбогдолтой цахим баримтыг хуулбарлан авах, эсхүл түүнийг устгах, нэвтрэх боломжийг хязгаарлах боломжгүй бол цахим төхөөрөмжийг хураан авч болно.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.