4.8 дугаар зүйл. Мэдүүлэг авах

ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

4.8 дугаар зүйл. Мэдүүлэг авах

1.Эрх бүхий албан тушаалтан зөрчил гарсан байдлыг тодруулах, зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримт, мэдээллийг олох зорилгоор мэдүүлэг авна.

2.Мэдүүлгийг тухайн хүнийг эрх бүхий байгууллагад ирүүлэн, эсхүл тухайн хүний байгаа газарт авч болно.

3.Холбогдогчоос мэдүүлэг авахын өмнө түүнд үнэн зөв мэдүүлэг өгөхийн ач холбогдлыг тайлбарлаж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаатай холбоотой нууцыг хадгалах талаар мэдэгдэнэ.

4.Эрх бүхий албан тушаалтан хүнийг албадан ирүүлэх, өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг /эх/, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах эрхгүй.

5.Тухайн хүн хүсвэл мэдүүлгийг бичгээр авч болно.

6.Эрх бүхий албан тушаалтан мэдүүлгийг асуулт асууж, хариулт авах хэлбэрээр явуулна.

7.Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар, эсхүл хүний нэр төрийг гутаан доромжлон харьцаж мэдүүлэг авахыг хориглоно.

8.Мэдүүлэг өгч байгаа хүн тоо болон санахад төвөгтэй бусад зүйлийн талаар мэдүүлэг өгөх бол эрх бүхий албан тушаалтны зөвшөөрснөөр баримт бичиг, бичлэг ашиглаж болно. Ашигласан баримт бичиг, бичлэгийн тухай тэмдэглэлд тусгаж, боломжтой бол мэдүүлгийн тэмдэглэлд хавсаргана.

9.Мэдүүлэг өгч байгаа хүнд эд мөрийн баримтыг үзүүлэх, тухайн зөрчлийн талаар бусад хүнээс өгсөн мэдүүлгийг танилцуулж, энэ талаар мэдүүлэг авч болно.

10.Мэдүүлэг авах ажиллагааг 3 цагаас илүү хугацаагаар явуулах бол 30 минутын завсарлага авна. Нэг удаагийн мэдүүлэг авах ажиллагаа нийт 6 цагаас хэтэрч болохгүй.

11.Мэдүүлэг авч дуусмагц тэмдэглэлийг мэдүүлэг өгч байгаа хүнд танилцуулж, нэмэлт оруулах, засвар хийх боломж олгоно.

12.Мэдүүлэг өгөхөөс татгалзсан бол энэ тухай тэмдэглэлд тусгана.

13.Доор дурдсанаас бусад тохиолдолд мэдүүлгийг шөнийн цагаар авахыг хориглоно:

13.1.шөнийн цагаар явагдаж байгаа үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний газарт гарсан зөрчлийг газар дээр нь шийдвэрлэх бол;

13.2.олон нийтийн аюулгүй байдал, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд аюул учирч болох нөхцөл байдал үүссэн, эсхүл үүсч болзошгүй бол;

13.3.зөрчлийн ул мөр устах, холбогдогч оргон зайлж болзошгүй;

13.4.гудамж, талбай, олон нийтийн газарт шөнийн цагаар үйлдэгдсэн зөрчлийг хялбаршуулсан журмаар газар дээр нь шалган шийдвэрлэх бол.

14.Эрх бүхий албан тушаалтан мэдүүлгийг тэмдэглэлээр бэхжүүлж, мэдүүлэг өгсөн хүн гарын үсэг зурж баталгаажуулна.

15.Мэдүүлэг өгч байгаа хүнд мэдэгдэн дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийж болно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.