5.5 дугаар зүйл. Монгол Улсын хилээр гарах эрхийг түр түдгэлзүүлэх
1.Прокурор зөрчил шалгах ажиллагаанд саад учруулж болзошгүй талаархи эрх бүхий албан тушаалтны саналыг үндэслэлтэй гэж үзвэл Зөрчлийн тухай хуульд арван мянгаас дээш нэгжтэй тэнцэх, эсхүл хөрөнгө, орлого, хохирлын тодорхой хувиар тооцсон торгох шийтгэлийн хэмжээ нь арван мянгаас дээш нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчилд холбогдогчийн Монгол Улсын хилээр гарах эрхийг түр түдгэлзүүлж болно.
2.Холбогдогчийн Монгол Улсын хилээр гарах эрхийг түр түдгэлзүүлэх арга хэмжээний нийт хугацаа зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаанаас хэтрэхгүй байна.
3.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан прокурорын шийдвэрийг холбогдох байгууллага, албан тушаалтан хэрэгжүүлнэ.
4.Прокурор энэ хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэлээр Монгол Улсын хилээр гарах эрхийг түр түдгэлзүүлэх арга хэмжээг цуцална.
5.Монгол Улсын хилээр гарах эрхийг түр түдгэлзүүлэх арга хэмжээг барьцаагаар солиулах тухай холбогдогчийн гаргасан хүсэлтийг прокурор хангах үндэслэлтэй гэж үзвэл мөнгөн хэлбэрээр барьцаа авч, Монгол Улсын хилээр гарах эрхийг түдгэлзүүлэх арга хэмжээг түр хугацаагаар цуцалж болно.
6.Барьцааг холбогдогч өөрөө, эсхүл түүний өмнөөс бусад хүн, хуулийн этгээд гаргаж болно.
7.Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд бусдын өмнөөс барьцаа гаргахыг хориглоно.
8.Барьцааны хэмжээг холбогдогчийн хувийн байдал, холбогдсон зөрчил, түүнд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг харгалзан тогтооно.
9.Холбогдогч зөрчил шалгах ажиллагаанд саад учруулахгүй байх үүргийг хүлээж, зөрчсөн тохиолдолд барьцааг улсын орлого болгоно.
10.Барьцааны мөнгийг төрийн сан дахь тусгай дансанд байршуулна.
11.Холбогдогчийн өмнөөс барьцаа гаргасан хүн, хуулийн этгээд барьцааны үүрэг биелэгдэхээс өмнө үүргээсээ татгалзаж, барьцааны мөнгийг буцаан авах эрхгүй.
12.Барьцааны мөнгийг хадгалах, буцаан олгох журмыг Улсын ерөнхий прокурор, санхүү, төсвийн болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.
ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ БҮРТГЭЛТ