6.12 дугаар зүйл. Шийтгэлээс чөлөөлөх

ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

6.12 дугаар зүйл. Шийтгэлээс чөлөөлөх

/Энэ зүйлийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

1.Эрх бүхий албан тушаалтан Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйл, 3.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэлээр зөрчил үйлдсэн хүнийг шийтгэлээс чөлөөлөх тухай шийдвэр гаргаж, прокурорт даруй мэдэгдэнэ.

2.Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэр гаргахдаа дараах нөхцөл байдлыг тогтоосон байна:

2.1.тухайн хүнийг зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх;

2.2.Зөрчлийн тухай хуулийн 2.3 зүйлд заасан үндэслэл нотлох баримтаар тогтоогдсон эсэх;

2.3.Зөрчлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэлээр шийтгэлээс чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжтой эсэх;

2.4.эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагатай эсэх;

2.5.зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авах шаардлагатай эсэх.

3.Эрх бүхий албан тушаалтан зөрчил үйлдсэн хүнд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх үндэслэлтэй гэж үзвэл албадлагын арга хэмжээ авхуулах тухай хүсэлтийг энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмын дагуу шүүхэд гаргана.

4.Шүүх энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан хүсэлтийг энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 6, 7 дахь хэсэгт заасан журмын дагуу шийдвэрлэнэ.

5.Эрх бүхий албан тушаалтан Зөрчлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу арван найман насанд хүрээгүй хүнийг шийтгэлээс чөлөөлөхдөө түүний хувийн байдалтай холбоотой дараах мэдээллийг тогтоосон байна:

5.1.төрсөн он, сар, өдөр, нас;

5.2.амьдралын нөхцөл байдал ба хүмүүжилтэй холбоотой мэдээлэл;

5.3.зөрчил үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл;

5.4.зөрчил хамтран үйлдэгч байсан эсэх;

5.5.өөрийнхөө үйлдлийн холбогдлыг бүрэн ойлгож байгаа эсэхэд эргэлзээ төрвөл шинжээч томилж, дүгнэлт гаргуулах.

6.Холбогдогчийн насыг хуулийн дагуу авсан иргэний бүртгэлийн бичиг баримтаар тодорхойлно.

7.Холбогдогчийн насыг тогтоох зорилгоор дараах тохиолдолд шинжээч томилно:

7.1.энэ зүйлийн 6 дахь хэсэгт заасан бичиг баримт нь хуурамч гэж үзэх үндэслэл байвал;

7.2.энэ зүйлийн 6 дахь хэсэгт заасан бичиг баримт байхгүй бол;

7.3.өөр улсад бүртгэлтэй, энэ зүйлийн 6 дахь хэсэгт заасан бичиг баримтыг олж авах боломжгүй бол.

8.Арван найман насанд хүрээгүй холбогдогчийг шийтгэлээс чөлөөлөхөд түүний зан байдал, араншин, зөрчил үйлдэх үедээ ямар нөхцөл байдалд байсан, зөрчил үйлдэхийн өмнө болон зөрчил үйлдсэний дараа биеэ хэрхэн авч явж байсан зэргийг харгалзан үзэж болно.

9.Эрх бүхий албан тушаалтан шийтгэлээс чөлөөлөх тухай шийдвэрийн хувийг зөрчил үйлдсэн хүнд шийдвэр гарснаас хойш ажлын 3 өдрийн дотор биечлэн танилцуулах, эсхүл харилцаа холбооны хэрэгсэл ашиглан хүргүүлнэ.

10.Төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн албаны чиг үүрэгтэй холбоотой хэрэгжүүлсэн үйлдэл, эс үйлдэхүй нь зөрчлийн шинжтэй бол түүнд холбогдох хариуцлагыг хүлээлгэх талаар харьяалах байгууллагын удирдлагад албан бичгээр, гэмт хэргийн шинжтэй бол энэ хуулийн 4.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу прокурорт даруй мэдэгдэнэ.

11.Эрх бүхий албан тушаалтны шийтгэлээс чөлөөлөх тухай шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлтэй гэж үзвэл прокурор дүгнэлт бичиж шүүхэд хүргүүлнэ.

12.Оролцогч эрх бүхий албан тушаалтны шийтгэлээс чөлөөлөх тухай шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 7.7 дугаар зүйлд заасны дагуу харьяалах шүүхэд гомдол гаргана. /Энэ хэсэгт 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

ШИЙТГЭЛ ОНОГДУУЛАХ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.