7.1 дугаар зүйл. Шийтгэл оногдуулах
1.Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараахь нөхцөл байдлыг тогтоосон байна:
1.1.тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх;
1.2.Зөрчлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу зөрчил үйлдсэн хуулийн этгээдийн хариуцлагыг нөхөн хүлээх этгээд байгаа эсэх;
1.3.тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх;
1.4.торгох шийтгэлийг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх үндэслэлтэй эсэх;
1.5.Зөрчлийн тухай хуульд хохирол төлүүлэх, нөхөн төлбөр гаргуулахаар заасан бол хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоох;
1.6.Зөрчлийн тухай хуулийн 3.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан үндэслэлээр эрх хасах шийтгэл оногдуулах үндэслэлтэй эсэх.
1.7.Зөрчлийн тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу торгох шийтгэлийг хөнгөрүүлэх, эсхүл нэмэгдүүлэх эсэх. /Энэ заалтыг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./
2.Зөрчлийн тухай хуулийн Арван дөрөвдүгээр бүлэгт заасан зөрчлийг тээврийн хэрэгсэл ашиглан үйлдсэн хүнийг олж тогтоосон бол Зөрчлийн тухай хуулийн 3.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигчийг шийтгэлээс чөлөөлнө. /Энэ хэсэгт 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
3.Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу нэмэгдэл шийтгэл, албадлагын арга хэмжээг тухайн зөрчлийн шинж болон тухайн хүний хувийн байдлыг харгалзан тогтооно.
4.Зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг тооцох журмыг Улсын ерөнхий прокурор батална.