7.2 дугаар зүйл. Шийтгэл оногдуулах шийдвэр

ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

7.2 дугаар зүйл. Шийтгэл оногдуулах шийдвэр

1.Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах шийдвэр нь шийтгэлийн хуудас хэлбэртэй байна.Шийтгэлийн хуудас нь цахим хэлбэртэй байж болно. /Энэ хэсэгт 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

2.Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулах шийдвэртээ зөрчлийг шалган шийдвэрлэсэн он, сар, өдөр, шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтны нэр, албан тушаал, зөрчлийн талаар тогтоогдсон нөхцөл байдал, шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авах үндэслэл, хуулийн зүйл, хэсэг, заалт, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээ, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардлыг хуваарилсан тухай, түүнийг сайн дураараа биелүүлэх хугацаа, хэлбэр, нөхцөл, хураан авсан, битүүмжилсэн эд зүйлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгана.

3.Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд үүргээ биелүүлээгүйтэй нь холбогдуулан шийтгэл оногдуулсан бол уг үүргээ нөхөн биелүүлэхийг даалгах, эсхүл үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотой зардлыг гаргуулна.

4.Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан даалгаврыг шийтгэлийн хуудсанд тусгана.

5.Зөрчлийн тухай хуулийн 3.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу торгох шийтгэлийг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн бол шийтгэлийн хуудсанд хэсэгчлэн төлөх хэмжээ, хугацааг заана.

6.Эрх бүхий албан тушаалтан шийтгэлийн хуудасны хувийг зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийдвэр гарснаас хойш ажлын 3 өдрийн дотор биечлэн танилцуулах, эсхүл харилцаа холбооны хэрэгсэл ашиглан хүргүүлнэ.

7.Шийтгэлийн болон шийтгэлээс чөлөөлөх хуудасны маягт, хэрэглэх журмыг Засгийн газар батална.

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

8.Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлтэй гэж үзвэл прокурор дүгнэлт бичиж шүүхэд хүргүүлнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.