7.3 дугаар зүйл. Албадлагын арга хэмжээ авах

ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

7.3 дугаар зүйл. Албадлагын арга хэмжээ авах

1.Эрх бүхий албан тушаатан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулахдаа Зөрчлийн тухай хуульд заасан албадлагын арга хэмжээ авах үндэслэл байгаа эсэхийг шалган тогтооно.

2.Эрх бүхий албан тушаалтан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуулийн 4.1 дүгээр зүйл, 4.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 4.3 дугаар зүйлд заасан албадлагын арга хэмжээг авна.

3.Эрх бүхий албан тушаалтан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуулийн 4.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 4.4 дүгээр зүйлд заасан албадлагын арга хэмжээ авахуулах тухай хүсэлтийг шийтгэл оногдуулсан шийдвэр гаргаснаас хойш 24 цагийн дотор энэ хуулийн 7.7 дугаар зүйлд заасан харьяалах шүүхэд гаргана. /Энэ хэсэгт 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

4.Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан хүсэлтийг шүүх шийдвэрлэх хүртэл зөрчил үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналгыг энэ хуулийн 4.5, 4.6 дугаар зүйлд заасан журмын дагуу хураан авах, эсхүл битүүмжлэх арга хэмжээг авна.

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

5.Албадан эмчилгээнд хамруулах хүнийг донтох сэтгэцийн эмгэгтэй эсэхийг эмнэлгийн дүгнэлтээр тогтоосон байна.

6.Шийтгэл оногдуулсан шийдвэрт холбогдогчийн гаргасан гомдлыг шийдвэрлэх хүртэл түүнд албадлагын арга хэмжээ авахуулах тухай эрх бүхий албан тушаалтны хүсэлтийг шийдвэрлэхийг шүүх түдгэлзүүлнэ.

7.Шүүх энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 2 өдрийн дотор шийдвэрлэнэ.

8.Албадан эмчилгээнд хамруулах хугацааг Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуульд заасны дагуу тухайн этгээдийг албадан эмчлэх байгууллага тогтооно.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

9.Шүүх зөрчил үйлдсэн хүнд баривчлах шийтгэлээс гадна албадан эмчлэх албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэсэн бол тухайн этгээд баривчлах шийтгэлийг эдэлж дууссаны дараа түүнийг албадан эмчилгээнд хамруулна.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

10.Албадан эмчлэх тухай шүүхийн шийдвэрийг Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуульд заасан журмаар гүйцэтгэнэ.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

11.Албадан эмчилгээнд хамруулах шаардлагатай холбогдогч нь өөртөө, эсхүл бусдад аюул учруулах, эсхүл оргон зайлж болзошгүй бол албадан эмчлэх тухай шүүхийн шийдвэр гарах хүртэл тухайн хүнийг 48 цаг хүртэл хугацаагаар саатуулж болно.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

12.Шүүхийн шийдвэр гарсны дараа албадан эмчлэх газарт хүргэх ажиллагааг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага гүйцэтгэнэ.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

13.Энэ зүйлийн 9 дэх хэсэгт заасан тохиолдолд баривчлах шийтгэлийг гүйцэтгэсэн байгууллага тухайн этгээдийг албадан эмчлэх байгууллагад даруй хүргэнэ.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.