7.4 дугаар зүйл. Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авах
1.Эрх бүхий албан тушаалтан өөрийн санаачилгаар, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан үндэслэлээр зөрчлийн үр дагаврыг арилгах зорилгоор ариутгах, хоргүйжүүлэх, цэвэршүүлэх, засвар үйлчилгээ хийх, холбогдох бүтээгдэхүүнийг борлуулахыг хориглох, иргэний гүйлгээнээс буцаан татах, хохирлыг нөхөн төлүүлэх, зөрчлийг арилгах хүртэлх хугацаанд үйл ажиллагаа, ашиглалтыг зогсоох, энэ талаар олон нийтэд зарлан мэдээлэх, тээврийн хэрэгслийг саатуулах, тусгай талбайд хүргэх зэрэг арга хэмжээ авч болно. /Энэ хэсэгт 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан арга хэмжээ авахыг зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд, зөрчил үйлдсэн хүн арван найман насанд хүрээгүй бол түүний хууль ёсны төлөөлөгчид хугацаа тогтоон даалгаж болно.
3.Хуульд заасан зөвшөөрөлтэй эрхлэх үйл ажиллагааг зөвшөөрөлгүйгээр эрхэлсэн бол үйл ажиллагааг зогсоож, энэ талаар нийтэд мэдээлнэ. /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
4.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан арга хэмжээний зардлыг зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд хариуцна.
5.Зөрчлийн үр дагаврыг арилгах тухай эрх бүхий албан тушаалтны даалгаврыг зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд биелүүлээгүй, эсхүл энэ арга хэмжээний зардлыг тогтоосон хугацаанд төлөөгүй бол шүүхэд хүсэлт гаргаж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан гүйцэтгүүлнэ.
6.Шүүх энэ зүйлийн 5 дахь хэсэгт заасан хүсэлтийг энэ хуулийн 7.5 дугаар зүйлийн 9, 10 дахь хэсэгт заасан журмын дагуу шийдвэрлэнэ.