7.5 дугаар зүйл. Шийтгэл оногдуулсан шийдвэрийг биелүүлэх

ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

7.5 дугаар зүйл. Шийтгэл оногдуулсан шийдвэрийг биелүүлэх

1.Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулсан, албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийнхээ биелэлтийг хариуцна.

2.Эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор сайн дураар биелүүлнэ.

3.Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд торгох шийтгэлд заасан торгуулийг бэлэн, эсхүл бэлэн бус хэлбэрээр төлнө.

4.Эрх бүхий албан тушаалтан эрх хасах шийтгэл оногдуулсан талаар зохих байгууллагад мэдэгдэж, шийдвэрийн хувийг даруй хүргүүлнэ.

5.Эрх бүхий албан тушаалтан албадлагын арга хэмжээ авахаар шийдвэр гаргасан бол зөрчил үйлдэж олсон хөрөнгө, орлого, зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгслийг хураан авах, эсхүл битүүмжлэх, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээг даруй авна.

6.Энэ зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хураан авсан, битүүмжилсэн эд зүйлийн хадгалалт, хамгаалалтыг шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтан, эрх бүхий байгууллага, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан тухай шийдвэрийг хүлээн авсан байгууллага хариуцна.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

7.Шийтгэлийн хуудсыг зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд хүлээн аваагүй нь шийтгэл, албадлагын арга хэмжээг албадан биелүүлэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

8.Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд тогтоосон хугацаанд шийдвэрийг биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан гүйцэтгүүлэхээр эрх бүхий албан тушаалтан энэ хуулийн 7.7 дугаар зүйлд заасан харьяаллын дагуу зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн оршин суугаа /оршин байгаа/ газар, эсхүл тухайн зөрчил үйлдэгдсэн нутаг дэвсгэрийн шүүхэд хүсэлт гаргана. /Энэ хэсэгт 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

9.Шүүх энэ зүйлийн 8 дахь хэсэгт заасан хүсэлтийг ажлын 2 өдрийн дотор шийдвэрлэх бөгөөд хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзвэл албадан гүйцэтгүүлэхээр гүйцэтгэх хуудас бичнэ.

10.Энэ зүйлийн 9 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрт гомдол гаргахгүй.

11.Албадлагын арга хэмжээ авсантай холбоотой хураан авсан хөрөнгө, орлого, эд зүйл, хэрэгслээс хохирол нөхөн төлүүлэх, улсын орлого болгох, устгах журмыг Засгийн газар батална.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.