6.6 дугаар зүйл. Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх

ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

6.6 дугаар зүйл. Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх

1.Зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, эсхүл стандартаар баталгаажсан хэмжилт-хяналтын төхөөрөмжөөр нотлогдсон, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг газар дээр нь шийдвэрлэнэ. Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 10 дахь хэсгийн 10.2, 10.3 дахь заалт, 11, 16, 17, 20, 21, 22, 23, 24, 25, 26, 27, 28, 29 дэх хэсгийн 29.1, 29.3 дахь заалт, 31, 34, 35, 36, 37, 38, 39, 40, 41, 42, 44, 45, 46, 47, 48, 50, 57, 58 дахь хэсэгт заасан зөрчлийг илрүүлэх, шийдвэрлэх ажиллагааг автоматжуулсан системээр гүйцэтгэсэн бол шийтгэлийн хуудсыг эрх бүхий албан тушаалтны тоон гарын үсгээр баталгаажуулж болно. /Энэ хэсгийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

2.3өрчил үйлдэгдсэн нь тодорхой, холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн боловч учруулсан хохирлыг нотлох баримтаар тогтоох шаардлагатай бол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ. /Энэ хэсгийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

3.Холбогдогчийг зөрчил үйлдсэн болохыг хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардах, албадахыг хориглоно.

4.Эрх бүхий албан тушаалтан хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэж, шийтгэл оногдуулахдаа энэ хуулийн 7.1 дүгээр зүйлд заасан журмыг баримтална.

5.Эрх бүхий албан тушаалтан хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн даруй зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэнэ. /Энэ хэсэгт 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

6.Эрх бүхий албан тушаалтан зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхдээ энэ хуулийн 7.4 дүгээр зүйлд заасны дагуу зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээг авч болно.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

7.Прокурор эрх бүхий албан тушаалтны зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэн шийтгэл оногдуулсан, шийтгэлээс чөлөөлсөн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлтэй гэж үзвэл энэ хуулийн 7.6 дугаар зүйлд заасан харьяаллын дагуу дүгнэлт бичиж шүүхэд хүргүүлнэ.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

8.Оролцогч зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан, шийтгэлээс чөлөөлсөн шийдвэрт энэ хуулийн 7.7 дугаар зүйлд заасны дагуу гомдол гаргана. /Энэ хэсэгт 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

9.Эрх бүхий албан тушаалтны хялбаршуулсан журмаар зөрчлийг шийдвэрлэсэн шийдвэрийг биелүүлэх ажиллагаанд энэ хуулийн 7.5 дугаар зүйлд заасан журмыг баримтална.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.