6.9 дугаар зүйл. Зөрчлийн хэргийг танилцуулах
1.Эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлтийг дуусгахаас өмнө оролцогч, тэдгээрийн өмгөөлөгчийг зөрчлийн хэрэгтэй танилцах боломжоор хангана.
2.Арван найман насанд хүрээгүй оролцогчид зөрчлийн хэргийг танилцуулахад түүний хууль ёсны төлөөлөгч, эсхүл өмгөөлөгчийг оролцуулна.
3.Арван найман насанд хүрээгүй оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж болзошгүй гэж үзвэл зөрчлийн хэргийг танилцуулахад түүний хууль ёсны төлөөлөгчийг оролцуулахгүй.
4.Энэ зүйлд заасан журам нь энэ хуулийн 6.6 дугаар зүйлд хамаарахгүй.
5.Эрх бүхий албан тушаалтан Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 6.20, 6.26 дугаар зүйлд заасан зөрчлийн хохирогч, гэрч, тэдгээрт тусламж, үйлчилгээ үзүүлсэн хүний аюулгүй байдлыг хангах зорилгоор зөрчлийн хэргийг холбогдогч, түүний өмгөөлөгч, төлөөлөгчид танилцуулахдаа хохирогч, гэрчийн мэдүүлэг болон биеийн байцаалтыг нууцлах арга хэмжээг авна.
/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./
6.Шаардлагатай бол мэдээлэл нууцлах арга хэмжээг энэ зүйлийн 5 дахь хэсэгт зааснаас бусад зөрчлийн гэрч, хохирогчийг хамгаалах зорилгоор хэрэглэж болно.
/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./