8.1 дугаар зүйл. Зөрчил шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаа

ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

8.1 дугаар зүйл. Зөрчил шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаа

1.Эрүүгийн хэргийн шүүх зөрчлийн хэргийг энэ хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасан прокурорын дүгнэлт, 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан оролцогчийн гомдлоор анхан шатны журмаар хянан шийдвэрлэнэ.

2.Шүүх зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад энэ хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нийтлэг журмыг удирдлага болгоно.

3.Шүүх энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан дүгнэлт, гомдлыг хүлээн авсан бол зөрчлийн хэргийг ажлын 2 өдрийн дотор эрх бүхий байгууллагаас гаргуулан авна.

4.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан гомдлыг шүүгч дангаар хянан шийдвэрлэнэ.

5.Шүүх хуралдаанд эрх бүхий албан тушаалтан, прокурор оролцоно.

6.Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр зөрчил шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд төрийн нэрийн өмнөөс оролцож болно.

7.Шүүх энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан дүгнэлт, гомдлыг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэнэ.

8.Зөрчлийн хэргийн ээдрээ, төвөгтэй байдлыг харгалзан зөрчлийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх хугацааг шүүгчийн саналыг харгалзан тухайн шүүхийн Ерөнхий шүүгч ажлын 2 өдрөөр нэг удаа сунгаж болно.

9.Оролцогч шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаснаас бусад тохиолдолд шүүх хуралдаанд ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй.

10.Шүүгч шүүх хуралдаанд оролцогчдыг бүртгэж, талуудын гаргасан гомдол, дүгнэлтийн үндэслэл, тайлбарыг сонсож шийдвэр гаргана.

11.Оролцогч гаргасан гомдол, түүний үндэслэлийн талаархи нотлох баримтыг шүүх хуралдаанд танилцуулна.

12.Шүүх хуралдаанд эрх бүхий албан тушаалтан шийдвэрийнхээ, прокурор дүгнэлтийнхээ, оролцогч гомдлынхоо үндэслэлийг нэг удаа тайлбарлана.

13.Шүүгч эрх бүхий албан тушаалтан, прокурор, оролцогчийн хүсэлтийн дагуу гэрчээс мэдүүлэг авч, бусад нотлох баримтыг шинжлэн судалж болно.

14.Шүүх энэ хуулийн 7.7 дугаар зүйлд заасан оролцогчийн гаргасан гомдлыг шийдвэрлэх хүртэлх хугацаанд шийтгэл оногдуулсан, албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийн биелэлтийг түр түдгэлзүүлнэ. /Энэ хэсэгт 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.