8.2 дугаар зүйл. Шүүхийн шийдвэр

ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

8.2 дугаар зүйл. Шүүхийн шийдвэр

1.Эрүүгийн хэргийн шүүх зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэж, дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:

1.1.шийтгэлийг хэвээр үлдээх;

1.2.шийтгэлийг өөрчлөх;

1.3.шийтгэлээс чөлөөлөх;

1.4.шийтгэлийг хүчингүй болгох.

2.Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болно.

3.Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш ажлын 5 өдрийн дотор бичгээр үйлдэж, оролцогч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, эсхүл өмгөөлөгчид гардуулан өгнө.

4.Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг прокурор, эрх бүхий албан тушаалтанд даруй хүргүүлнэ.

5.Шүүхээс гарах шийдвэр нь шийтгэвэр хэлбэртэй байна.

6.Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл эрх бүхий албан тушаалтан, оролцогч гомдол гаргаж, прокурор эсэргүүцэл бичиж болно.

7.Энэ зүйлийн 6 дахь хэсэгт заасан гомдол, эсэргүүцлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд заасан журмаар гаргана.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

8.Зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байна.

9.Шүүх зөрчлийн хэргийг давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.3, 38.4, 39.1, 39.2, 39.3, 39.4, 39.10, 39.11, 39.12 дугаар зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1.1, 1.2 дахь заалт, 2 дахь хэсэгт заасан журмыг баримтална.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

10.Дараах үндэслэлийн аль нэг нь байвал давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, эсхүл өөрчилнө:

10.1.шүүхийн шийдвэрт заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй;

10.2.Зөрчлийн тухай хуулийг буруу хэрэглэсэн;

10.3.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдлын аль нэг нь байгаа бол анхан шатны шүүхийн шийдвэрт заасан дүгнэлт хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзнэ.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

12.Дараах нөхцөлийн аль нэг тогтоогдвол шүүх Зөрчлийн тухай хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ:

12.1.шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй;

12.2.хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн;

12.3.хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

13.Дараах нөхцөл байдлын аль нэг нь тогтоогдвол анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ:

13.1.шүүх шийдвэр гаргахдаа энэ хуулийн 4.15 дугаар зүйлийн 3, 5 дахь хэсэгт заасан нотлох баримтыг ашигласан;

13.2.шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй;

13.3.зөрчлийн хэрэгт шүүх хуралдааны тэмдэглэл, түүнд хавсаргасан нотлох баримт байгаагүй;

13.4.шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй бол;

13.5.анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл, дуу-дүрсний бичлэг зөрүүтэй бол;

13.6.илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон бол.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

ЗАРИМ ЗӨРЧЛИЙГ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ЖУРАМ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.