17 дугаар зүйл. Валютын хяналтын байгууллагын үүрэг, улсын байцаагчийн бүрэн эрх
1. Монголбанк нь дараахь үндсэн үүрэгтэй байна:
1/ валютын зохицуулалтын тухай хууль тогтоомжийн биелэлтийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад өмчийн төрөл, хэлбэр, харьяалал харгалзахгүйгээр хянан шалгах;
2/ валютын гүйлгээтэй холбоотой баримт, сэлтийг шалгах;
З/ валютын гүйлгээ, гадаад төлбөр, тооцооны ажиллагааны талаарх бүртгэл, тайлан мэдээний үнэн зөвийг шалгах;
4/ эрх бүхий байгууллагаас хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан эрхийн актыг валютын гүйлгээнд мөрдөж байгааг шалгах.
2. Засгийн газар Монгол улсын олон улсын гэрээ, хуульд заасан үндэслэлээр өөрийн эзэмшилд байгаа валютын ашиглалт, зарцуулалтад хяналт тавих бөгөөд ийнхүү хяналтаа Сангийн яамаар дамжуулан хэрэгжүүлнэ.
З. Улсын байцаагч нь валютын хяналтын үүргээ биелүүлэхдээ дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
1/ валютын гүйлгээ, гадаад төлбөр, тооцоонд холбогдох баримт сэлтийг үзэх,холбогдох албан тушаалтан, иргэнээс мэдээ тодорхойлолт, тайлбар, шаардлагатай баримтын хуулбарыг гаргуулан авах;
2/ валютын гүйлгээ, төлбөр, тооцоог хянах, шалгалтын дүнгээр акт тогтоож, гүйцэтгэлийг хангах. Улсын байцаагчийн акт нь валютын хяналтын Улсын ерөнхий буюу Улсын ахлах байцаагчийн баталснаар хүчин төгөлдөр болно. Тавьсан актад холбогдох албан тушаалтан, иргэнээр гарын үсэг зуруулна. Тэдгээрээс уул актыг хүлээн зөвшөөрөхгүй бол тайлбар гаргуулна;
З/ илэрсэн зөрчлийг арилгах талаар хугацаатай үүрэг өгөх, шаардлага тавих;
4/ тавьсан шаардлагыг биелүүлээгүй, хууль тогтоомж зөрчсөн этгээдэд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэх;
/Энэ заалтад 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
5/ хуулийн заалтыг зөрчсөн бол гадаад төлбөр, тооцоо хийх, валютын гүйлгээ эрхлэх зөвшөөрлийг цуцлах талаар валютын хяналтын Улсын ерөнхий байцаагчид санал тавих;
6/ валютын зохицуулалтын тухай хууль тогтоомж зөрчсөн нь гэмт хэргийн шинжтэй байвал холбогдох баримт, сэлтийг хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагад шилжүүлэх.
4. Валютын хяналтын улсын байцаагч нь валютын үйл ажиллагаанд тавих хяналтын явцад олж мэдсэн иргэд, байгууллага,банк, бусад аж ахуйн нэгжийн валютын хөрөнгө, худалдааны нууцыг хадгалах үүрэгтэй.
5. Валютын хяналтын байгууллагын албан тушаалтан нь үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд түүнд хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.
6. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн валютын гүйлгээний талаарх маргааныг арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүхээр шийдвэрлэнэ.
/Энэ хэсэгт 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/