3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёо
1. "Валют" гэж Монгол Улсын үндэсний валют, гадаад валют, улс хоорондын худалдаа, эдийн засгийн харилцааны төлбөрт хэрэглэгдэж буй тооцооны нэгж, мөнгөжсөн алт болон валютын үнэт зүйлсийг хэлнэ.
2. "Үндэсний валют" гэж эргэлтэд байгаа төлбөрийн чадвар бүхий Монгол Улсын мөнгөн тэмдэгт-төгрөг, түүгээр илэрхийлэгдсэн бөгөөд олон улсын төлбөр тооцоонд түгээмэл хэрэглэгддэг үнэт цаас, төлбөрийн хэрэгслийг хэлнэ.
З. "Гадаад валют" гэж эргэлтэд байгаа төлбөрийн чадвар бүхий нэг буюу хэд хэдэн гадаад улсын мөнгөн тэмдэгт, тэдгээрээр илэрхийлэгдсэн бөгөөд олон улсын төлбөр тооцоонд түгээмэл хэрэглэгддэг үнэт цаас, төлбөрийн хэрэгслийг хэлнэ. Гадаад валютыг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрснөөр чөлөөтэй хөрвөдөг ба чөлөөтэй хөрвөдөггүй гэж ангилна.
4. "Мөнгөжсөн алт" гэж олон улсын жишигт хүргэн цэвэршүүлж, олон улсын санхүүгийн аль нэг төвд хадгалуулж байгаа, гадаад валютаар борлуулахад бэлэн болсон алтыг хэлнэ.
5. "Валютын үнэт зүйлс" гэж мөнгөжсөн алттай адилтгах үнэт металл, эрдэнийн чулууг хэлнэ.
6. "Цэвэршүүлсэн алт" гэж алтны агуулгыг нь нэмэгдүүлж цэвэршүүлсэн боловч гадаад валютаар шууд борлуулах нөхцөл хангагдаагүй алтыг хэлнэ.
7. Валютын харилцаанд оролцогч байнга оршин суугч /цаашид "байнга оршин суугч" гэх/ гэж:
1/ Монгол Улсад байнга оршин суугаа, мөн байнга оршин суудаг боловч 183 хоногоос дээшгүй хугацаагаар гадаадад зорчиж байгаа хувь хүн;
2/ Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан, Монгол Улсад оршин байрладаг хуулийн этгээд, түүний гадаадад байгаа салбар, төлөөлөгчийн газар;
З/ гадаад улсад суугаа Монгол улсын дипломат төлөөлөгчийн газрыг тус тус хэлнэ.
8. Валютын харилцаанд оролцогч түр оршин суугч /цаашид "түр оршин суугч" гэх/гэж:
1/ Монгол Улсын гадна байнга оршин суудаг, мөн Монгол Улсад 183 хоног хүртэл хоногийн хугацаагаар байгаа хувь хүн;
2/ гадаад улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан, Монгол улсад оршин байрладаггүй хуулийн этгээд, түүний Монгол Улс дахь салбар, төлөөлөгчийн газар;
З/ Монгол Улсад байгаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн газар болон олон улсын байгууллага, тэдгээрийн салбар, төлөөлөгчийн газрыг тус тус хэлнэ.