133 дугаар зүйл. Шүүхийн шийдвэрийг биелүүлсэнд тооцох
133.1.Захиргааны байгууллага, албан тушаалтан хууль тогтоомжийн дагуу олгогдсон бүрэн эрх, чиг үүрэгт нь хамаарах асуудлаар шүүхийн шийдвэрт заасан захиргааны акт, захиргааны хэм хэмжээний актыг гаргах, эсхүл шүүхийн шийдвэр, мэдэгдэлд заасан үүргийг тогтоосон хугацаанд, зохих ёсоор биелүүлсэн бол шүүхийн шийдвэрийг биелүүлсэнд тооцно.
133.2.Захиргааны байгууллага, албан тушаалтан шүүхийн шийдвэрийг биелүүлэх үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэсэн боловч шүүхээс хууль бус болохыг нь тогтоосон шийдвэрийг дахин гаргах зорилгоор өөрийн бүрэн эрхэд хамаарах эрх зүйн акт, албан тушаалд тавигдах нийтлэг шаардлага, шалгуур үзүүлэлтийг өөрчилж, нэхэмжлэгчийн эрхийг дахин зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг шүүхийн шийдвэрийг биелүүлсэнд тооцохгүй.