134 дугаар зүйл. Захиргааны акт, захиргааны хэм хэмжээний акт, захиргааны гэрээг хүчингүй болгох тухай, тэдгээрийг илт хууль бус болохыг тогтоосон шийдвэрийг биелүүлэх
134.1.Захиргааны акт, захиргааны хэм хэмжээний акт, захиргааны гэрээг хүчингүй болгох тухай, тэдгээрийг илт хууль бус болохыг тогтоосон тухай шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноор захиргааны акт, захиргааны хэм хэмжээний акт, захиргааны гэрээг хүчингүйд тооцох бөгөөд тэдгээрийг дахин хэрэглэхгүй.
134.2.Захиргааны байгууллага, албан тушаалтан захиргааны акт, захиргааны хэм хэмжээний акт, захиргааны гэрээ энэ хуулийн 134.1-д заасны дагуу хүчингүйд тооцогдсоноор бусад этгээдийн эрх ашиг, сонирхолд нөлөөлөх бол тухайн захиргааны акт, захиргааны хэм хэмжээний акт, захиргааны гэрээг хуульд нийцүүлэн энэ хуулийн 127.2-т заасан хугацааны дотор дахин гаргах, байгуулах үүрэгтэй.
134.3.Захиргааны байгууллага, албан тушаалтан энэ хуулийн 134.1-д заасан шийдвэрийн талаар эрх ашиг, сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд мэдэгдэх үүрэгтэй бөгөөд тэдгээр нь тодорхойгүй тохиолдолд олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр зарлаж, улсын нэгдсэн бүртгэлд зохих өөрчлөлтийг оруулна.
134.4.Энэ хуулийн 134.3-т заасны дагуу олон нийтэд мэдэгдсэнээс хойш хүчингүйд тооцсон захиргааны акт, захиргааны хэм хэмжээний акт, захиргааны гэрээгээр эрх олгогдсон хүн, хуулийн этгээд уг эрхээ хэрэгжүүлсний улмаас бусдад учруулсан хохирлоо өөрөө хариуцна.
134.5.Иргэн, хуулийн этгээд захиргааны акт, захиргааны хэм хэмжээний акт, захиргааны гэрээг хууль бус болохыг урьдчилан мэдэж байсан, эсхүл түүнийг хүчингүйд тооцсоныг мэдэх боломжтой, мэдэх ёстой байсан боловч хүчингүйд тооцсон захиргааны акт, захиргааны хэм хэмжээний акт, захиргааны гэрээгээр олгогдсон эрхээ хэрэгжүүлсэн бол энэ хуулийн 134.4-т заасан хариуцлагаас чөлөөлөхгүй.
134.6.Шийдвэр гүйцэтгэгч хүчингүйд тооцсон захиргааны акт, захиргааны хэм хэмжээний акт, захиргааны гэрээг хэрэгжүүлэхгүй байх талаар уг захиргааны акт, захиргааны хэм хэмжээний акт, захиргааны гэрээг үндэслэн тодорхой үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл, эрх олгох эрх бүхий байгууллага, хариуцагч болон гуравдагч этгээдэд мэдэгдэл хүргүүлж, биелэлтийг хангуулна.