163 дугаар зүйл. Нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагааг зохион байгуулах
163.1.Шүүхийн шийдвэрт тусгайлан заагаагүй тохиолдолд нийтэд тустай ажлыг нутгийн захиргааны байгууллагын саналыг үндэслэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллагаас баталсан жагсаалтад заасан байгууллагад гүйцэтгэнэ.
163.2.Нийтэд тустай ажил хийлгэх байгууллагыг сонгохдоо ялтны эрүүл мэндийн байдал, эзэмшсэн мэргэжил, ур чадварыг харгалзан ахлах шийдвэр гүйцэтгэгч ажиллуулах байгууллагыг тогтооно.
163.3.Шүүх ялтны мэргэжил, ур чадварыг харгалзан ялтанд тодорхой нийтэд тустай ажлыг хийхээр даалгасан тохиолдолд ялыг шүүхийн шийдвэрт заасан журмын дагуу гүйцэтгэнэ.
163.4.Шийдвэр гүйцэтгэгч ялтныг ажиллуулах байгууллагатай ялтны нэг өдөрт ажиллах цаг, гүйцэтгэх үүрэг /хөдөлмөрийн норм/, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгаа, ажлын хувцсаар хангах, ажиллах нөхцөлийг урьдчилан тохиролцож, гэрээ байгуулна.
163.5.Гэрээнд ялтны ургийн овог, эцэг, /эх/-ийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг, түүнчлэн ажил хийх цаг, ялтны зан байдал, хүмүүжил, ял эдлэлтийн талаархи тодорхойлолтыг батлагдсан загварын дагуу үйлдэж, гэрээнд заасан хугацаанд ирүүлэх үүргийг тусгана.
163.6.Шийдвэр гүйцэтгэгч нь ялтныг шүүхийн шийдвэр, ажил хийлгүүлэх тухай мэдэгдлийн хамт ажил хийлгэхээр тогтоосон байгууллагад биечлэн хүлээлгэж өгнө.
163.7.Ялтны ажлын цагийн бүртгэлийг нийтэд тустай ажил хийлгэхээр гэрээ байгуулсан байгууллага бүртгэж, шийдвэр гүйцэтгэгч ажлын цагийн бүртгэл, ажлын гүйцэтгэлийг үндэслэн ялын тооцоо хийнэ.
163.8.Шийдвэр гүйцэтгэгч 7 хоног тутам ялтны ажлыг биечлэн шалгаж, ажлын байрыг шалгасан тэмдэглэлд ялтан болон нийтэд тустай ажлыг хийлгэж байгаа байгууллагын эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурж, баталгаажуулна.
163.9.Нийтэд тустай ажлыг хийлгэж байгаа байгууллага нь ялтны хөдөлмөр эрхлэлт, ажлын цаг, ял эдлэлтийн талаар шийдвэр гүйцэтгэгчид 7 хоног тутам тогтмол мэдээлэх үүрэгтэй.