164 дугаар зүйл. Нийтэд тустай ажил хийлгэх ял эдлэх хугацаа, түүнийг тооцох, ял эдэлж дуусах
164.1.Нийтэд тустай ажил хийлгэх хугацаа нь амралтын өдөр болон үндсэн ажил, хичээлээс чөлөөтэй өдөр 4 цагаас ихгүй, ажлын өдөр ажил болон хичээлээс чөлөөтэй үед 2 цаг, эсхүл ялтан өөрөө зөвшөөрсөн тохиолдолд 8 цагаас ихгүй, 7 хоногт 10 цагаас багагүй байна.
/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
164.2.Нийтэд тустай ажил хийлгэх ял эдэлсэн хугацааг ялтан ажил гүйцэтгэж эхэлсэн цагаас эхлэн тооцож, шүүхийн шийдвэрт заасан хугацаа дуусгавар болтол эдлүүлнэ.
164.3.Ялтан онц байдал, гамшиг, аюулт үзэгдлийн хор уршгийг арилгах нийтийн хөдөлмөрийн дайчилгаанд дайчлагдан ажилласан цагийг нийтэд тустай ажил хийлгэх ял эдэлсэн хугацаанд тооцно.
164.4.Ялтны гэр бүлийн гишүүн хүндээр өвчилсөн, нас барсан, гамшиг, аюулт үзэгдэл, осол тохиолдсон бол 7 хүртэл хоногийн чөлөө олгож болно.
164.5.Чөлөөг энэ хуулийн 164.4-т заасан нөхцөл байдал бий болсныг нотолсон сум, дүүргийн Засаг даргын, эмнэлгийн байгууллагын тодорхойлолтыг үндэслэн ял эдлүүлж байгаа шийдвэр гүйцэтгэх газар, хэлтсийн дарга шийдвэрлэнэ.
/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
164.6.Энэ хуулийн 164.4-т заасан чөлөөний хугацаа болон ял эдлэх хугацаандаа ажиллаж байгаа байгууллагаас зохион байгуулсан олон нийтийн хурал, цуглаан, сургалт болон бусад арга хэмжээнд хамрагдсан, түүнчлэн согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн, хуурамчаар өвдсөн, бие эрхтэн, эрүүл мэнддээ санаатайгаар гэмтэл учруулсны улмаас ажиллаагүй, ял эдлүүлэх журмыг зөрчсөн хугацааг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцохгүй.