186 дугаар зүйл. Хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан болон хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоосон шийдвэрийг биелүүлэх

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

186 дугаар зүйл. Хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан болон хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоосон шийдвэрийг биелүүлэх

186.1.Хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан болон хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоосон /цаашид "тогтоолын биелэлтийг хойшлуулсан" гэх/ ялтны бүртгэлийг түүний оршин сууж байгаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, нэгдсэн тоо бүртгэлийг хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх газар, хэлтэс хариуцан хөтөлнө.

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

186.2.Шийдвэр гүйцэтгэгч тогтоолын биелэлтийг хойшлуулсан шийдвэрийг хүлээн авч дараахь ажиллагааг гүйцэтгэнэ:

186.2.1.тогтоолын биелэлтийг хойшлуулсан этгээдэд хяналт тавих нөхцөл, журам, эрх, үүргийг нь тайлбарлаж, гарын үсэг зуруулах;

186.2.2.тогтоолын биелэлтийг хойшлуулсан этгээдийн хувийн бичиг баримт, онцлог содон тэмдэг, ялтны хувийн байдлын талаархи бусад мэдээллийг хувийн хэрэгт тэмдэглэж, ял эдлэлтийн байдалтай холбоотой бусад баримт бичгийг хавсаргах;

186.2.3.тогтоолын биелэлтийг хойшлуулсан өсвөр насны хүн, түүний эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, түүнчлэн ялтныг хараа хяналтдаа байлгаж, хүмүүжүүлэхээр зөвшөөрсөн иргэнийг дуудан ирүүлж, тэдгээрийн эрх, үүрэг, тогтоолын биелэлтийг хойшлуулсан этгээдэд хууль, шүүхийн шийдвэрээр тогтоосон хязгаарлалт, даалгасан үүргийг танилцуулах;

/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

186.2.4.тогтоолын биелэлтийг хойшлуулсан өсвөр насны хүн, түүний эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, хараа хяналтдаа байлгаж, хүмүүжүүлэхээр зөвшөөрсөн иргэн үүргээ биелүүлэх талаар шаардлага тавьж, биелэлтийг хангуулах;

/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

186.2.5.тогтоолын биелэлтийг хойшлуулсан этгээдийн сахилга, засрал хүмүүжил, шүүхээс даалгасан үүргийн биелэлтийн талаар хяналтын хувийн хэрэгт 30 хоног тутам тэмдэглэл хийх;

186.2.6.шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаа дуусмагц энэ тухай прокурор, цагдаагийн байгууллага болон ял шийтгүүлсэн этгээдэд бичгээр мэдэгдэх.

186.3.Хорих анги нь хоригдлыг хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоох тухай шүүгчийн захирамжийг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор хоригдлын зан байдал, засрал хүмүүжлийн талаарх тодорхойлолтыг шүүгчийн захирамжийн хамт түүний оршин суух газрын шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэст хүргүүлнэ.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.