187 дугаар зүйл. Тогтоолын биелэлтийг хойшлуулсан этгээдийн засрал хүмүүжлийн байдалд хяналт тавих
187.1.Шийдвэр гүйцэтгэгч тогтоолын биелэлтийг хойшлуулсан этгээдийн засрал хүмүүжлийн байдалд дараахь журмаар хяналт тавина:
187.1.1.гадаадад зорчих, цагаачлахыг хориглож, оршин суугаа засаг захиргааны нэгжийн нутаг дэвсгэрийг 7 хоногоос дээш хугацаагаар орхин явах тохиолдолд зөвшөөрөл авах, 30 хоног тутам нэг удаа биечлэн ирж, бүртгүүлэхийг даалгах;
187.1.2.оршин суух газар болон эрхлэх ажил, албан тушаал өөрчлөгдсөн тохиолдолд тухай бүр мэдэгдэж байх тухай баталгаа гаргуулах;
187.1.3.тогтоолын биелэлтийг хойшлуулсан өсвөр насны хүнийг хараа хяналтдаа байлгаж, хүмүүжүүлэх үүрэг хүлээсэн этгээд болон сум, дүүргийн Засаг даргаас хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх харилцан мэдээлэл солилцоход дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах, тогтоолын биелэлтийг хойшлуулсан насанд хүрсэн этгээдийг зохих ажлын байраар хангахад туслалцаа үзүүлэх; /Энэ заалтад 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
187.1.4.тогтоолын биелэлтийг хойшлуулсан өсвөр насны хүн, түүний эцэх, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, хараа хяналтдаа байлгах хүсэлт гаргасан буюу хүмүүжүүлэхээр зөвшөөрсөн иргэний хүлээсэн үүргийн биелэлтийг хангуулах;
/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
187.1.5.тогтоолын биелэлтийг хойшлуулсан этгээд шүүхээс тогтоосон хязгаарлалт, үүргийг биелүүлээгүй, эсхүл хяналтаас зайлсхийсэн тохиолдолд албадан ирүүлэх, эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулах;
187.1.6.тогтоолын биелэлтийг хойшлуулсан этгээдийн санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээн авч хянан шийдвэрлэх, эсхүл холбогдох байгууллага, албан тушаалтанд уламжлах;
187.1.7.гэмт хэрэг, зөрчил гаргахгүй байх талаар тогтоолын биелэлтийг нь хойшлуулсан этгээдэд санамж, зөвлөгөө өгөх, ярилцлага зохион байгуулах;
187.1.8.хяналтад нь байгаа тогтоолын биелэлтийг хойшлуулсан этгээдийн зан байдал, үйл ажиллагааны талаар байгууллага, албан тушаалтнаас тодорхойлолт, лавлагаа авах;
187.1.9.тогтоолын биелэлтийг хойшлуулсан этгээд хүндэтгэх шалтгаанаар оршин суух газраа өөрчлөх бол түүний хяналтын хугацааг тооцож, хяналтын хувийн хэргийг шинээр оршин суух газрын шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, шийдвэр гүйцэтгэгчид шилжүүлэх.
/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
187.2.Тогтоолын биелэлтийг хойшлуулсан этгээд дараахь үүрэгтэй:
187.2.1.байнга оршин суух газраа очсоноос хойш ажлын 3 өдрийн дотор нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэст мэдэгдэх;
/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
187.2.2.сар тутамд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэст, оршин суугаа нутаг дэвсгэрт нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын нэгжгүй бол харьяа нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагад бүртгүүлэх, шүүхээс хүлээлгэсэн үүргийн биелэлтийн талаар тайлбар гаргах;
/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
187.2.3.байнга оршин суух хаягаа өөрчлөх тохиолдолд хяналт тавьж байгаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэст, оршин суугаа нутаг дэвсгэрт нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын нэгжгүй бол харьяа нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагад мэдэгдэх, шинээр суурьших нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд, эсхүл цагдаагийн байгууллагад мэдэгдэх;
/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
187.2.4.байнга оршин суугаа газраасаа 7 хоногоос илүү хугацаагаар явах, гадаадад зорчих бол хяналт тавьж байгаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэст, оршин суугаа нутаг дэвсгэрт нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын нэгжгүй бол харьяа нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагад мэдэгдэх;
/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
187.2.5.хяналт тавьж байгаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, цагдаагийн байгууллагын алба хаагч, шийдвэр гүйцэтгэгчийн шаардлагыг биелүүлэх.
/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
187.3.Тогтоолын биелэлтийг хойшлуулсан өсвөр насны хүн, түүний эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, түүнчлэн өсвөр насны хүнийг хараа хяналтдаа байлгаж, хүмүүжүүлэхээр зөвшөөрсөн иргэн нь шийдвэр гүйцэтгэгчийн дуудсан цагт хүрэлцэн ирэх, шүүхээс даалгасан үүрэг, шийдвэр гүйцэтгэгчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэх үүрэгтэй.
/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./