188 дугаар зүйл. Тэнссэн, тогтоолын биелэлтийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгох, ялаас чөлөөлөх тухай санал гаргах

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

188 дугаар зүйл. Тэнссэн, тогтоолын биелэлтийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгох, ялаас чөлөөлөх тухай санал гаргах

188.1.Хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан, тэнссэн хугацаанд ялтан засарч хүмүүжсэнээ үлгэр жишээ зан төлөв, сурлага, хөдөлмөрт үнэнч, шударга хандлагаараа харуулсан, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан ялтны хянан харгалзахаар тогтоосон хугацааны 50 хувиас багагүй хугацаа өнгөрсөн тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч ялтныг ялаас чөлөөлүүлэх саналыг прокурорт гаргаж болно.

188.2.Прокурор хяналтын хувийн хэрэгтэй танилцаж, шийдвэр гүйцэтгэгчийн саналыг үндэслэн шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсныг хүчингүй болгох, ялаас чөлөөлөх тухай дүгнэлтээ шүүхэд хүргүүлнэ.

188.3.Шийдвэр гүйцэтгэгч энэ хуулийн 188.1-д заасан санал гаргаагүй, эсхүл прокурор гаргасан саналыг үндэслэлгүй гэж үзсэн бөгөөд шүүхийн тогтоолд заасан хянан харгалзах хугацаа дууссан боловч дараагийн шийдвэр гараагүй тохиолдолд уг хугацаа дуусмагц шийдвэр гүйцэтгэгч цаашид авах арга хэмжээний тухай саналаа хяналтын хувийн хэргийн хамт прокурорт хүргүүлнэ.

188.4.Ялтан тэнссэн, тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл шүүхээс тогтоосон хориглолт, хязгаарлалтыг 6 сарын хугацаанд хоёр, түүнээс дээш удаа зөрчсөн, эсхүл хориглолт, хязгаарлалтыг зөрчсөний улмаас хүн, хуулийн этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд хохирол учирсан, эсхүл энэ хуулийн 187.2-т заасан үүргээ биелүүлээгүй бол шийдвэр гүйцэтгэгч 5 хоногийн дотор тэнссэн, тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгуулж, ял оногдуулах саналаа прокурорт хүргүүлнэ.

188.5.Прокурор шийдвэр гүйцэтгэгчийн энэ хуулийн 188.4-т заасан саналыг хүлээн авч үндэслэлийг хянаж тэнссэн, тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах, ял оногдуулах эсэхийг шүүхэд шилжүүлэн шийдвэрлүүлнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.