189 дугаар зүйл. Үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

189 дугаар зүйл. Үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх

189.1.Шийдвэр гүйцэтгэгч үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан этгээдэд шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг биелүүлэх хугацаа, хуваарийг нарийвчлан тогтоож, энэ хуулийн Арван есдүгээр бүлэгт заасан журмын дагуу биелэлтэд нь хяналт тавина.

189.2.Зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах албадлагын арга хэмжээ авагдсан хүнд шийдвэр гүйцэтгэгч энэ хуулийн 189.1-д зааснаас гадна зан үйлд нөлөөлөх сургалтын агуулга, хөтөлбөрийг танилцуулна.

189.3.Шийдвэр гүйцэтгэгч үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан этгээдийн хувийн байдал, албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргээ биелүүлсэн байдлын талаар шүүх, прокурорын байгууллагад тодорхойлолт гаргана.

189.4.Үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан этгээд дуудсан цагт хүрэлцэн ирэх, шийдвэр гүйцэтгэгчээс тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэх, оршин суух газар, ажил, албан тушаал өөрчлөгдсөн тухай болон шаардлагатай бусад мэдээллийг тухай бүр танилцуулах үүрэг хүлээнэ.

189.5.Сум, дүүргийн Засаг дарга үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан этгээдэд шүүхээс даалгасан үүрэг, хязгаарлалтыг биелүүлэх талаар зохих туслалцаа үзүүлж, хамтран ажиллана. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

189.6.Цагдаагийн байгууллага үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хүний сахилга, шүүхээс даалгасан үүрэг, хязгаарлалтын биелэлт, засрал хүмүүжлийн байдалд хяналт тавих ажилд туслалцаа үзүүлж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэстэй харилцан мэдээлэл солилцож хамтран ажиллана.

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

189.7.Шийдвэр гүйцэтгэгч албадлагын арга хэмжээ авагдсан этгээд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлсөн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн, тогтоосон хязгаарлалтыг зөрчөөгүй тохиолдолд шүүхээс тогтоосон хугацааны 50 хувиас багагүй хугацаа өнгөрсний дараа хугацаанаас нь өмнө хүчингүй болгох саналыг прокурорт гаргаж болно.

189.8.Шийдвэр гүйцэтгэгч үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан этгээд шүүхээс хүлээлгэсэн үүрэг, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн талаар хуульд заасан аргаар мэдээлэл авч болно.

189.9.Шийдвэр гүйцэтгэгч энэ хуулийн 189.1-д заасан хугацаа, хуваарь, шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн этгээдэд албадлагын арга хэмжээ авсан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулж, ял оногдуулах тухай саналыг прокурорт гаргана.

189.10.Үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхэд энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан журмын дагуу техникийн болон биечилсэн хяналт тавьж болно.

189.11.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага зан үйлээ засах сургалтад хамрагдах албадлагын арга хэмжээ авагдсан хүний зан үйлд нөлөөлөх сургалт явуулах мэргэжлийн нэгж, сургалтын хөтөлбөртэй байна.

189.12.Сургалт явуулах журмыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллагын дарга батална.

189.13.Албадлагын арга хэмжээ авагдсан хүний зан үйлд нөлөөлөх сургалтыг зөвшөөрөл бүхий төрийн бус байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болно.

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.