190 дугаар зүйл. Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх
190.1.Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэсэн бол шүүх албадлагын арга хэмжээг ямар төрлийн эмнэлэгт хэрэгжүүлэхийг тогтоолдоо заана.
190.2.Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шүүхийн шийдвэр гармагц уг этгээдийг албадан эмчлэх байгууллагад хүргэх үүргийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хүлээх бөгөөд шүүхийн шийдвэр, сэтгэцийн эмгэг судлалын шинжилгээний дүгнэлт, холбогдох бусад баримт бичгийг хамтад нь хүргүүлнэ.
190.3.Энэ хуулийн 190.1-д заасан этгээдийн эмчилгээний зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.
190.4.Албадан эмчлүүлж байгаа этгээдийг гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, эмнэлэг, цагдаагийн байгууллага хамтран хэрэгжүүлнэ.
190.5.Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэгжүүлэх байгууллага дараахь үүрэг хүлээнэ:
190.5.1.албадан эмчлүүлж байгаа этгээдэд зайлшгүй шаардлагатай шинжилгээ, эмчилгээг цаг тухайд нь хийх;
190.5.2.эмчилгээний явц, үр дүнг үнэн зөв, тодорхой тусгах;
190.5.3.эмчилгээний үр дүн, өвчний шинж байдлыг харгалзан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг сунгах, өөрчлөх, зогсоох эсэх талаар шинжээчийн дүгнэлт гаргуулах;
190.5.4.эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг цаашид хэрэгжүүлэх шаардлагагүй, эсхүл хугацааг сунгах шаардлагатай тохиолдолд энэ тухай прокурорт, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даруй мэдэгдэх.
190.6.Гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадвартай байсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэг хариуцах чадваргүй болсны улмаас эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан хүний хэрэг хариуцах чадваргүй байдал арилсан бол албадлагын арга хэмжээг цаашид хэрэглэх шаардлагагүй тухай дүгнэлтийг шийдвэр гүйцэтгэгчид, шийдвэр гүйцэтгэгч санал гарган 10 хоногийн дотор прокурорт хүргүүлнэ.
190.7.Прокурор дүгнэлт, холбогдох баримт бичгийг үндэслэн эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хүчингүй болгож урьд оногдуулсан ялыг үргэлжлүүлэн эдлүүлэх, эсхүл эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хүчингүй болгож, ял оногдуулах тухай дүгнэлт үйлдэж, шүүхэд хүргүүлнэ.
190.8.Прокурор энэ хуулийн 190.6-д заасан саналыг хянан үзэж эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн тохиолдолд уг албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх байгууллагад шийдвэрийг хүргүүлнэ.
190.9.Албадан эмчлүүлж байгаа этгээдийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлт, прокурорын саналаар албадан эмчлэх хугацаа дуусахаас өмнө энэ хуулийн 190.5.3-т заасан дүгнэлтийг гаргуулж болно.
190.10.Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх, түүнд хяналт тавих журмыг хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.