201 дугаар зүйл. Хорих ял шийтгүүлсэн өсвөр насны хүнд ял эдлүүлэх
201.1.Хорих ял шийтгүүлсэн өсвөр насны хоригдлын ялыг сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлнэ.
201.2.Сургалт-хүмүүжлийн тусгай байгууллага нь өсвөр насны эмэгтэй хүнд оногдуулсан хорих ялыг эдлүүлэх тусгай нэгжтэй байна.
201.3.Өсвөр насны хоригдол арван найман насанд хүрсэн тохиолдолд ялыг нь хорих ангид шилжүүлэн эдлүүлэх эсэх асуудлаар хоригдлыг арван найман насанд хүрэхээс 3 сарын өмнө сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагын дарга прокурорт санал гаргах бөгөөд прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх шийдвэрлэнэ.
201.4.Энэ хуулийн 201.3-т заасны дагуу шилжүүлсэн хоригдлын эдлээгүй үлдсэн ялыг эдлүүлэх хорих ангийн дэглэмийг прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх шийдвэрлэнэ.
201.5.Шүүх энэ хуулийн 201.3-т заасан хоригдлын эдлээгүй үлдсэн ялын хугацаа 2 жилээс илүүгүй тохиолдолд түүний хувийн байдал, төлөвшлийг харгалзан сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагын даргын санал, прокурорын дүгнэлтийг үндэслэн хорих ялын хугацааг дуусах хүртэл сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад үргэлжлүүлэн ял эдлүүлж болно.
201.6.Өсвөр насны хоригдлын илгээмж авах, түр уулзалт хийх, утсаар ярих тоог хязгаарлахгүй бөгөөд 15 хоногт нэг удаа удаан хугацааны уулзалт хийж болно.