202 дугаар зүйл. Хорих ял шийтгүүлсэн эмэгтэй хүнд ял эдлүүлэх
202.1.Хорих ял шийтгүүлсэн арван найман насанд хүрсэн эмэгтэй хоригдлын ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй, хаалттай хорих ангид эдлүүлнэ.
202.2.Эмэгтэйчүүдийн хаалттай хорих анги нь энгийн болон тусгай зэрэглэлтэй байна.
202.3.Нээлттэй хорих ангид анх удаа гэмт хэрэг үйлдэж 5 жил хүртэл хугацаагаар ял шийтгүүлсэн, эсхүл болгоомжгүй гэмт хэрэг үйлдэж 5 жил, түүнээс дээш хугацаагаар хорих ял шийтгүүлсэн эмэгтэй хоригдлыг ял эдлүүлнэ. Хоригдлын илгээмж авах тоог хязгаарлахгүй бөгөөд 7 хоногт нэг удаа түр, 30 хоногт нэг удаа удаан хугацааны уулзалт хийж, 7 хоногт нэг удаа илгээмж явуулж, утсаар ярьж болно.
202.4.Хаалттай хорих ангийн энгийн зэрэглэлд 5 жил, түүнээс дээш хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, эсхүл урьд өмнө хорих ял шийтгүүлж байсан хоригдлыг ял эдлүүлнэ. Хоригдол 30 хоногт нэг удаа түр, 60 хоногт нэг удаа удаан хугацааны уулзалт хийж, 30 хоногт нэг удаа утсаар ярьж, 15 хоногт нэг удаа илгээмж авч болно.
202.5.Хаалттай хорих ангийн тусгай зэрэглэлд 10 жил, түүнээс дээш хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгүүлсэн, эсхүл урьд өмнө хүнд гэмт хэрэг хоёр, түүнээс дээш удаа үйлдэж хорих ял шийтгүүлж байсан эмэгтэй хоригдлыг ял эдлүүлнэ. Хоригдол 45 хоногт нэг удаа түр, 90 хоногт нэг удаа удаан хугацааны уулзалт хийж, 30 хоногт нэг удаа илгээмж авч, 60 хоногт нэг удаа утсаар ярьж болно.
202.6.Ял эдэлж байх хугацаандаа хүүхэд төрүүлсэн хоригдлыг хүүхдийг нь хоёр нас хүртэл хамт байлгаж болно. Энэ тохиолдолд энэ хуулийн 202.3, 202.4, 202.5-д заасан илгээмжийн тоонд тавих хязгаарлалт хамаарахгүй.
202.7.Хүүхэд нь хоёр нас хүрсэн боловч эмэгтэй хоригдлын ял эдлэх үлдэгдэл хугацаа 1 жилээс илүүгүй тохиолдолд хорих ял эдлэх хугацааг дуусах хүртэл хүүхдийг үргэлжлүүлэн хамт байлгаж болно.
202.8.Хорих анги нь эхийн хамт байгаа хоёр хүртэлх насны хүүхдийг эрүүл өсөж бойжих, аюулгүй орчинг бүрдүүлсэн тусгай байр, нөхцөлөөр хангана.