203 дугаар зүйл. Нэгдсэн болон төрөлжсөн мэргэшлийн хорих эмнэлэг, түүний чиг үүрэг
203.1.Хорих ял эдлүүлэх алба нь нэгдсэн болон төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, хорих анги нь хоригдолд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх хэсэг, цагдан хорих төв нь эмнэлэгтэй байна.
203.2.Нэгдсэн эмнэлэг дараахь үүрэгтэй:
203.2.1.хоригдлыг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээтэй холбогдсон арга хэмжээ авч хэрэгжүүлэх;
203.2.2.хорих ангийн эмнэлгийн салбарыг мэргэжлийн удирдлагаар хангах;
203.2.3.хорих, зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн этгээдийг өвчний учир ялаас чөлөөлүүлэх, хорих хугацаа дуусахаас нь өмнө тэнсэн суллах тухай тодорхойлолт, саналыг ял эдлүүлж байгаа хорих ангийн захиргаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэст гаргах;
/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
203.2.4.хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгоход шаардлагатай тодорхойлолт, лавлагааг тухайн хоригдлын ял эдэлж байгаа хорих ангийн харьяалагдах аймаг, сум, нийслэл, дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эрүүл мэндийн магадлалын зөвлөлд гаргах. /Энэ заалтад 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ заалтад 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
203.3.Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг дараахь үүрэгтэй:
203.3.1.хоригдлын дунд бусдын эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, оношлох, хяналт тавих, эмчлэх, эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбогдсон бусад арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
203.3.2.хоригдлыг хорих ангийн зэрэглэл харгалзахгүй өвчлөл, халдварын байдлаар ангилан тусад нь байрлуулж, ял эдлүүлэх.
203.4.Төлбөрийн чадваргүй хоригдлын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардал нь тухайн жилийн дээд хязгаараас хэтэрсэн бол зардлыг улсын төсвөөс гаргана.
203.5.Эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь хорих эмнэлгийг мэргэжил, арга зүйн удирдлага, боловсон хүчнээр хангана.
203.6.Хоригдолд эрүүл мэндийн тухай хууль тогтоомжид заасан шаардлагыг хангасан нөхцөлд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлнэ.
203.7.Нэгдсэн эмнэлэг, төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн дэглэмийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Улсын ерөнхий прокурортой хамтран тогтооно.
203.8.Хоригдолд эмнэлгийн анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэх хэсэг нь эмчлэх эрх бүхий эмнэлгийн мэргэжилтэнтэй байх ба эмнэлгийн үзлэг хийх, анхан шатны болон амь тэнссэн үеийн тусламж, үйлчилгээ үзүүлэх зориулалтын тоног төхөөрөмж, өрөө тасалгаатай байна.