206 дугаар зүйл. Хорих ял эдлүүлэх хорих ангийн дэглэм, зэрэглэлийг өөрчлөх

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

206 дугаар зүйл. Хорих ял эдлүүлэх хорих ангийн дэглэм, зэрэглэлийг өөрчлөх

206.1.Хорих ял эдэлж байгаа хоригдлын ял эдлүүлэх хорих ангийн дэглэм, зэрэглэлийг хоригдлын үйлдсэн гэмт хэргийн шинж, хоригдлын хувийн байдал, засрал хүмүүжлийн байдлыг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу өөрчилж болно.

206.2.Хорих ангийн дэглэмийг өөрчлөх асуудлыг энэ хуулийн 224.2-т заасан зөвлөл саналаа прокурорт гаргаж, прокурор үндэслэлтэй гэж үзвэл дүгнэлт үйлдэн шүүхэд хүргүүлэн шийдвэрлүүлэх бөгөөд хорих ангийн зэрэглэлийг өөрчлөх асуудлыг энэ хуулийн 224.2-т заасан зөвлөлийн саналыг үндэслэн прокурор шийдвэрлэнэ.

206.3.Хоригдлын ял эдлэх хорих ангийн дэглэм, зэрэглэлийг өөрчлөх болон хорих ангийг солих тухай санал гаргах журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Улсын ерөнхий прокурортой хамтран батална.

206.4.Энэ хуулийн 206.3-т заасны дагуу шилжүүлэн ял эдлүүлэх хоригдол нь нээлттэй хорих ангийн хуваарилагдсан зэрэглэлд хорих ялын гуравны нэгээс багагүй хувийг эдэлсэн, сүүлийн 1 жилийн хугацаанд сахилгын зөрчил гаргаагүй, хаалттай хорих ангийн хуваарилагдсан зэрэглэлд хорих ялын талаас багагүй хувийг эдэлсэн сүүлийн 1 жилийн хугацаанд сахилгын зөрчил гаргаагүй байна.

206.5.Бүх насаар хорих ял шийтгүүлсэн хоригдол хаалттай хорих ангийн тусгай зэрэглэлд 10 жил ял эдэлсэн тохиолдолд хаалттай хорих ангийн энгийн зэрэглэлд шилжүүлж болно.

206.6.Энэ хуулийн 206.5-д заасны дагуу шилжүүлэх хоригдол нь сүүлийн 1 жилийн хугацаанд сахилгын зөрчил гаргаагүй байх бөгөөд сүүлийн 1 жилийн дотор сахилгын зөрчил гаргасан тохиолдолд сүүлийн зөрчил гаргасан өдрөөс хойш 1 жилийн хугацаа өнгөрсний дараа шилжүүлэх асуудлыг шийдвэрлэнэ.

206.7.Сүүлийн 1 жилийн хугацаанд сахилгын зөрчил гаргаагүй, сахилга, засрал хүмүүжлийн байдлаараа эерэг үнэлгээ авсан нээлттэй хорих ангийн тусгай зэрэглэлд ял эдэлж байгаа хоригдлыг хорих ялын хугацаа дуусахаас 1 жилийн өмнө нээлттэй хорих ангийн энгийн зэрэглэлд шилжүүлнэ.

206.8.Хоригдол 1 жилийн хугацаанд хоёр, түүнээс дээш удаа сахилгын зөрчил гаргасан, эсхүл сахилгын ноцтой зөрчил гаргасан тохиолдолд зөвлөл нээлттэй хорих ангийн энгийн зэрэглэлээс тусгай зэрэглэлд, хаалттай хорих ангийн энгийн зэрэглэлээс тусгай зэрэглэлд, тусгай зэрэглэлээс тусгай нэгжид зэрэглэл хүндрүүлэн шилжүүлэх саналаа прокурорт гаргаж, прокурор 10 хоногийн дотор шийдвэрлэнэ.

206.9.Энэ хуулийн 206.8-д заасны дагуу шилжүүлэн ял эдэлж байгаа хоригдол хуваарилагдсан зэрэглэлд 1 жилийн хугацаанд зөрчил гаргаагүй бол зэрэглэл хүндрүүлэн шилжүүлсэн дарааллын дагуу анх хуваарилсан зэрэглэлд зэрэглэл хөнгөрүүлэн шилжүүлнэ.

206.10.Хоригдлыг 1 жилийн дотор нэгээс илүү удаа зэрэглэл хөнгөрүүлэн шилжүүлэхгүй.

206.11.Энэ хуулийн 206.8-д заасан журмын дагуу нээлттэй хорих ангийн тусгай зэрэглэлд шилжүүлсэн хоригдол мөн хэсэгт заасан зөрчлийг давтан гаргасан тохиолдолд энэ хуулийн 206.2-т заасны дагуу хаалттай хорих ангийн энгийн зэрэглэлд шилжүүлэн ял эдлүүлэх саналыг прокурорт хүргүүлэх бөгөөд прокурор үндэслэлийг хянаж, шүүхэд хүргүүлэн шийдвэрлүүлнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.