207 дугаар зүйл. Хоригдлыг хуяглан хүргэх, хүлээн авах
207.1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллага нь хоригдлыг ял эдлүүлэх хорих ангид нь хүргэх хуяглан хүргэх чиг үүрэг бүхий нэгжтэй байна.
207.2.Хоригдлыг хуяглан хүргэхдээ энэ хуулийн 208 дугаар зүйлд заасны дагуу тусад нь тээвэрлэнэ.
207.3.Хоригдлыг хорих ангийн даргын томилсон бүрэлдэхүүн хүлээн авна.
207.4.Шинээр хүлээн авсан хоригдлыг 14 хүртэл хоног тусгаарлан байрлуулж, ангийн дотоод журамтай танилцуулан зохих сургалтад хамруулж, хорих ангийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйч түүнтэй биечлэн уулзалт хийж, зан байдлыг тодорхойлно.
207.5.Хоригдлыг тусгаарлах тасалгаанд байрлуулах хугацаанд дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
207.5.1.тухайн ангийн хориотой бүс, хоригдлын эрх, үүргийн талаар танилцуулах;
207.5.2.хоригдлын боловсролын түвшин, мэргэжил, хөдөлмөрийн дадлага, чадварыг тогтоох;
207.5.3.хоригдлыг байрлуулах, хөдөлмөрлөх хуваарь гаргах;
207.5.4.хоригдлыг нэг загварын гадуур хувцас, гутлаар хангах;
207.5.5.хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх;
207.5.6.хоригдол тухайн ангид ял эдлэхээр ирсэн талаар түүний ар гэрт нь мэдэгдэж, хорих ангийн байршил, хориглох эд зүйлсийг танилцуулах.
207.6.Хоригдлын мөнгө, үнэт эдлэл, үнэт цаас зэргийг хорих ангийн санхүүд шилжүүлэн нэрийн данс нээж хадгалуулна.
207.7.Энэ хуулийн 207.5-д заасан арга хэмжээг авч хэрэгжүүлснээр хоригдлыг эрх бүхий алба хаагчийн саналыг үндэслэн ангийн даргын баталсан хуваарийн дагуу хорих өрөөнд байрлуулна.
207.8.Хоригдлыг хорих байгууллагад анх хүлээн авах, түр болон удаан хугацааны уулзалтад орсны дараа, бусад байгууллага, албан тушаалтанд хүлээлгэн өгөх, түүнээс хүлээн авахдаа бие болон эд зүйлд нь үзлэг хийнэ.
207.9.Хоригдлын биед шарх, сорви, гэмтэл бэртэл байгаа эсэх, хэрэв байгаа бол түүний хэлбэр, хүрээ, шинж байдлын талаар тэмдэглэлд тусгаж, гэрэл зураг, дүрс бичлэгийн хэрэгслийн тусламжтай бэхжүүлнэ. Хоригдлын биед үүссэн шарх, сорви, гэмтэл бэртэл нь аливаа хууль бус үйлдлийн улмаас үүссэн гэх үндэслэлтэй бол шалтгаан, нөхцөлийг тогтоох зорилгоор эрх бүхий байгууллага, албан тушаалтанд шилжүүлэн шалгуулна.