214 дугаар зүйл. Хоригдлын хөдөлмөр, түүний нөхцөл

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

214 дугаар зүйл. Хоригдлын хөдөлмөр, түүний нөхцөл

214.1.Хоригдлын хөдөлмөрийг холбогдох хууль тогтоомжид заасан хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журамд нийцүүлэн зохион байгуулна.

214.2.Хорих анги хоригдлыг хөдөлмөрлөх, тодорхой чиглэлээр мэргэжил эзэмшүүлэх, дадлага олгох тэгш нөхцөл, боломж бүрдүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.

214.3.Хоригдлыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын аж ахуйн ажлаас бусад ажилд хөлс, урамшуулалгүйгээр хөдөлмөрлүүлэхийг хориглоно.

214.4.Нээлттэй хорих ангид ял эдэлж байгаа хоригдлын ажил, амралтын цагийг хөдөлмөрийн хууль тогтоомжийн дагуу зохицуулна.

214.5.Хоригдлоор ажил хийлгэхдээ түүний мэргэжил, хөдөлмөрийн чадварыг харгалзах бөгөөд мэргэжлийн ажил байхгүй нь түүнийг хөдөлмөрөөс чөлөөлөх үндэслэл болохгүй.

214.6.Нээлттэй хорих ангийн хоригдлыг хорих байгууллага өөрийн болон өөрийн хувь нийлүүлсэн, хамтарсан хуулийн этгээдэд, эсхүл бусад хуулийн этгээдтэй гэрээ байгуулан зохих хяналттайгаар хөдөлмөрлүүлж болно.

214.7.Нээлттэй хорих ангийн хоригдлыг хүсэлтийг нь үндэслэн хаалттай хорих анги, цагдан хорих байр, сургалт-хүмүүжлийн тусгай байгууллага, хорих эмнэлгийн аж ахуйн үйлчилгээнд хөдөлмөрлүүлж болно.

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

214.8.Хаалттай хорих ангийн хоригдлын ажил, амралтын цагийг хөдөлмөрийн хууль тогтоомжид зааснаас өөрөөр тогтоож болно.

214.9.Хуульд өөрөөр заагаагүй бол хоригдлыг төрийн нууц, цэрэг стратегийн холбогдолтой болон тусгай дэглэм бүхий онцгой обьектод хөдөлмөрлүүлэхийг хориглоно.

214.10.Хоригдолд хөдөлмөрийн хууль тогтоомжид заасны дагуу хөдөлмөр хамгааллын тусгай зориулалтын хувцас, хамгаалах хэрэгсэл, шаардлагатай тохиолдолд хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг үнэ төлбөргүй олгоно.

214.11.Хоригдлын хүсэлтийг үндэслэн хөгжлийн бэрхшээлтэй, 60-аас дээш насны эрэгтэй, 55-аас дээш насны эмэгтэй хоригдлыг бие, эрүүл мэндийн нөхцөлд нь таарсан ажил гүйцэтгүүлж болно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.