215 дугаар зүйл. Хоригдлын хөдөлмөрийн хөлс
215.1.Хоригдолд хийсэн хөдөлмөрт нь тооцож хөлс олгоно.
215.2.Гэрээний үндсэн дээр хоригдлыг хөдөлмөрлүүлсэн ажил олгогч хоригдлын хөдөлмөрийн хөлсийг хорих ангийн дансанд шилжүүлнэ.
215.3.Хорих анги хоригдлыг өөрийн үйлдвэрлэл дээр хөдөлмөрлүүлсний болон энэ хуулийн 215.2-т заасны дагуу шилжиж ирсэн хөлснөөс шүүхийн шийдвэрээр тогтоосон төлбөр, хоригдлын буруутай үйлдлээс хорих ангид учирсан хохирлыг суутгаж, үлдэх хэсгийг хоригдлын нэрийн дансанд төвлөрүүлнэ.
215.4.Хоригдол энэ хуулийн 215.3-т заасны дагуу зөвхөн өөрийн нэрийн дансаар дамжуулан нэн тэргүүний хэрэгцээт хүнсний болон ахуйн барааг сар бүр авах бөгөөд үлдсэнийг суллагдах үед өөрт нь олгоно.
215.5.Хоригдлын хөдөлмөрийн норм, хөлсний үнэлгээг хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллагын дарга батлах бөгөөд хоригдлын хөдөлмөрийн үнэлгээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй байна.
215.6.Хоригдлын нарийн мэргэшил, мэдлэг, мэргэжил шаардагдах болон онцгой нөхцөлтэй хөдөлмөрийн үнэлгээг зах зээлийн доод үнэлгээнээс багагүй байна.
215.7.Хорих анги, эсхүл ажил олгогч нь хоригдлын хөдөлмөрийн хөлсийг энэ хуулийн 215.5, 215.6-д заасан норм, үнэлгээг баримтлан тооцож, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлнэ.
215.8.Энэ хуулийн 215.3-т заасан суутгалын хэмжээ нь хоригдлын хөдөлмөрийн хөлсний 70 хувиас ихгүй байх бөгөөд суутгал хийх журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.