270 дугаар зүйл. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч, түүнд тавигдах шаардлага
270.1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдах, гүйцэтгэх албан тушаалтан, шийдвэр гүйцэтгэгч, хорих байгууллагын алба хаагчаас бүрдэнэ.
270.2.Шийдвэр гүйцэтгэгч нь ерөнхий шийдвэр гүйцэтгэгч, ахлах шийдвэр гүйцэтгэгч, шийдвэр гүйцэтгэгчээс бүрдэнэ.
270.3.Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагын алба хаагчаар Төрийн албаны тухай болон холбогдох бусад хуульд заасан шаардлага, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тогтоосон журам, эрүүл мэнд, бие бялдар, боловсрол, мэргэжил, мэргэшил, ёс зүйн шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангасан, арван найман насанд хүрсэн, гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй Монгол Улсын иргэнийг авч ажиллуулна.
/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
270.4.Шийдвэр гүйцэтгэгч нь энэ хуулийн 270.3-т заасан шалгуур үзүүлэлтийг хангасан, шийдвэр гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн байна.
270.5.Энэ хуулийн 270.4-т заасан шийдвэр гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
270.6.Хорих байгууллагын алба хаагчид тавигдах эрүүл мэнд, бие бялдар, боловсрол, мэргэжил, ёс зүйн шалгуур үзүүлэлт болон хорих байгууллагын алба хаагчийг сонгон шалгаруулах журмыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллага тогтооно.
270.7.Баривчлах болон цагдан хорих төв, байр, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дэргэдэх мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн болон согтуурах, мансуурах донтох эмгэгтэй этгээдийг албадан эмчлэх байгууллагын ажилтныг хорих байгууллагын алба хаагчтай адилтган үзнэ. /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
270.8.Цэргийн жинхэнэ алба хаагаагүй цэргийн насны алба хаагчид цэргийн бэлтгэл эзэмшүүлэх үүргийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллага хүлээх ба цэргийн бэлтгэл эзэмшүүлэх хөтөлбөрийг цэргийн мэргэжлийн дээд удирдлагын байгууллагаар батлуулж, мөрдөнө.