271 дугаар зүйл. Шийдвэр гүйцэтгэгчийн бүрэн эрх
271.1.Шийдвэр гүйцэтгэгч энэ хуулийн 44, 77 дугаар зүйлд зааснаас гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
271.1.1.гүйцэтгэх баримт бичиг болон хорихоос өөр төрлийн ял, албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг тогтоосон хугацаанд бүрэн гүйцэтгэх;
271.1.2.гүйцэтгэх баримт бичиг, шүүхийн шийдвэрийн агуулга тодорхойгүй тохиолдолд түүнийг тодруулахаар шүүхэд хүсэлт гаргах;
271.1.3.ялтан, албадлагын арга хэмжээ авагдсан, шийтгүүлсэн этгээд, төлбөр төлөгч-иргэний шилжин суурьших хөдөлгөөн, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэхийг түдгэлзүүлэх;
271.1.4.шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гэмт хэргийн шинж бүхий баримт илэрсэн тохиолдолд хэрэг бүртгэх, мөрдөн байцаах эрх бүхий байгууллагад мэдэгдэх;
271.1.5.шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд хувийн сонирхолтой, эсхүл шударгаар ажиллахад эргэлзээ байгаа тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас татгалзан гарах;
271.1.6.гүйцэтгэх баримт бичиг болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны цахим бүртгэл хөтлөх, мэдээ тайлан гаргах;
271.1.7.төлбөр төлөгч, ялтан, албадлагын арга хэмжээ авагдсан этгээд болон түүнийг шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийхэд туслалцаа үзүүлсэн гэх үндэслэлтэй бусад этгээдийн орон байр, эзэмшил газар, ажлын байранд хуульд заасан журмын дагуу нэвтрэн орох;
271.1.8.төлбөр төлөгч, ялтан, албадлагын арга хэмжээ авагдсан этгээд, тэдгээрийн төлөөллийг дуудан ирүүлэх;
271.1.9.төлбөр төлөгч, ялтан, албадлагын арга хэмжээ авагдсан этгээдээс шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд шаардлагатай баримт бичиг, лавлагаа, тодорхойлолт гаргуулан авах;
271.1.10.шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар гарсан гомдлыг хянан шийдвэрлэх;
271.1.11.хорихоос өөр төрлийн ял, албадлагын арга хэмжээ гүйцэтгэх ажиллагаа нь хуульд заасан журмын дагуу явагдаж байгаа эсэхэд хяналт тавих, зөрчил илэрсэн тохиолдол бүрд шалгалт хийж шалтгаан, нөхцөлийг тогтоох, хуульд заасан арга хэмжээ авах;
271.1.12.энэ хуульд заасны дагуу хорихоос өөр төрлийн ял, албадлагын арга хэмжээг хорих ялаар солих саналыг прокурорт гаргах;
271.1.13.төлбөр төлөгч, ялтан, албадлагын арга хэмжээ авагдсан, шийтгүүлсэн этгээд шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг биелүүлсэн байдлын талаар тодорхойлолт гаргах, хуульд заасан үндэслэлээр оногдуулсан ял, албадлагын арга хэмжээг хүчингүй болгох, ял оногдуулах саналыг прокурорт гаргах;
271.1.14.шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийсэн этгээдийг эрэн сурвалжлах, уг зорилгоор төлбөр төлөгч, ялтан, албадлагын арга хэмжээ авагдсан этгээдийн оршин суугаа /оршин байгаа/ хаягийг тогтоох зорилгоор шаардлагатай лавлагаа, мэдээлэл авах;
271.1.15.ялтан, албадлагын арга хэмжээ авагдсан этгээдийг өвчний учир ял, шийтгэлээс чөлөөлүүлэх саналыг прокурорт гаргах.
271.2.Ахлах шийдвэр гүйцэтгэгч энэ хуулийн 271.1-д зааснаас гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
271.2.1.шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох, тэдгээрт тодорхой шийдвэр гаргах тухай даалгах;
271.2.2.шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах;
271.2.3.шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаанд хяналт тавих, тодорхой төрлийн арга хэмжээг гүйцэтгэх, шийдвэр гаргах талаар энэ хуульд заасан зөвшөөрөл олгох;
271.2.4.гүйцэтгэх баримт бичиг, ялтан, албадлагын арга хэмжээ авагдсан болон төлбөртэй этгээдийн бүртгэл хөтлөх, ажиллагааны мэдээ, тайланг нэгтгэн гаргах.
271.3.Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч энэ хуулийн 271.1, 271.2-т зааснаас гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
271.3.1.ахлах шийдвэр гүйцэтгэгч, шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох, тэдгээрт тодорхой шийдвэр гаргах тухай даалгах;
271.3.2.шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангаж, хяналт тавих;
271.3.3.ахлах шийдвэр гүйцэтгэгч, шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагааны талаархи гомдлыг хянан шийдвэрлэх;
271.3.4.шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны харьяалал тогтоох.
271.3.5.шийдвэр гүйцэтгэгчийн саналыг үндэслэн төлбөр төлөгч-иргэн, төлбөр төлөгч-хуулийн этгээдийн удирдах албан тушаалтны гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх, сэргээх.
/Энэ заалтыг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./