272 дугаар зүйл. Хорих байгууллагын алба хаагчийн бүрэн эрх

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

272 дугаар зүйл. Хорих байгууллагын алба хаагчийн бүрэн эрх

272.1.Хорих байгууллага, хорих ял эдлүүлэх албаны алба хаагч дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

272.1.1.оргосон хоригдол, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч байгаа, эсхүл энэ талаар үндэслэл бүхий сэжиг байвал хуульд заасан журмын дагуу тухайн байгууллага, иргэний орон байр, бусад газарт нэвтрэн орох, орон байр, бусад газар, тээврийн хэрэгсэл, биед үзлэг хийх, оргосон хоригдолд туслалцаа үзүүлсэн, эсхүл туслалцаа үзүүлсэн байх үндэслэл бүхий сэжигтэй иргэний бичиг баримтыг шалгах, албан тушаалтан, иргэнээс тайлбар, тодорхойлолт, шаардлагатай мэдээллийг гаргуулан авах;

272.1.2.оргосон хоригдол, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг эрэн сурвалжлах, мөрдөн хөөх, баривчлах үед зайлшгүй шаардлагатай тохиолдолд Дипломат төлөөлөгчийн, үүргээ гүйцэтгэж яваа түргэн тусламжийн, гал унтраах албаны, техникийн ослын дуудлагын автомашинаас бусад хүн, хуулийн этгээдийн тээврийн хэрэгслийг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр түр дайчлах, холбоо, мэдээллийн хэрэгслээр дараалал харгалзахгүй үйлчлүүлэх;

272.1.3.хоригдол, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн бие, эд зүйл, байранд үзлэг, нэгжлэг хийх, зэвсэг, хутга, мэс, зэвсгийн чанартай бусад зүйл, мансууруулах болон хордуулах үйлчилгээтэй эм, тариа, өвс ургамал, согтууруулах ундаа, хориглосон тоглоом, хууль, дотоод журмаар зөвшөөрөгдсөнөөс бусад зүйлийг хураан авах, эсхүл устгах, бэлэн мөнгө, валют, үнэт зүйлсийг хураан авч акт тогтоон хадгалах, хорих ангийн аюулгүй байдал, түүнд мөрдөгдөх дэг журмыг сахиулах зорилгоор хоригдол, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид байнгын хяналт тавих;

272.1.4.хорих байгууллага, түүний үйлдвэрлэлийн талбайд орж, гарч байгаа хүний бие, эд зүйл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийх;

272.1.5.хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу гүйцэтгэх ажил явуулах.

272.2.Хорих анги, түүнийг харьяалах шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтсийн дарга нь энэ хуулийн 272.1-д зааснаас гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

272.2.1.хорих анги, байгууллагын үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах, тушаал, шийдвэр гаргах, алба хаагчийн үйл ажиллагаанд хяналт тавих;

/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

272.2.2.хоригдлыг хорих ялаас өвчний учир чөлөөлүүлэх тухай саналаа прокурорт гаргах;

272.2.3.хоригдолд чөлөө олгох;

272.2.4.хоригдолд шагналын хоног олгох, хасах;

272.2.5.хуурамчаар, эсхүл санаатай өвчилсөн, эсхүл эрүүл мэнд, бие эрхтэндээ санаатайгаар гэмтэл учруулж эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн, чөлөөнөөс хоцорсон, оргосон хугацааг ял эдэлсэн хугацаанаас хасаж тооцох;

272.2.6.хоригдлын хүсэлтийг үндэслэн удаан хугацааны уулзалтыг түр уулзалтаар, эсхүл утсаар ярих эрхээр, эсхүл түр уулзалтыг утсаар ярих эрхээр солих;

272.2.7.Иргэний хуульд заасны дагуу хоригдлын итгэмжлэлийг гэрчлэх;

272.2.8.хуульд заасан бусад.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.